1980-аад оны үед Улаанбаатар хотын ногоон бүсэд хөхтөн 38, жигүүртэн 78, загас гурав, хоёр нутагтан болон хэвлээр явагч тус бүр хоёр зүйл бүртгэгдсэн байдаг. 2016 онд хийсэн судалгаагаар нийслэлийн ногоон бүсэд 54 зүйлийн хөхтөн байгааг тогтоожээ. Тодруулбал, үнэг, туулай, бор гөрөөс, огоmно, зурам хот орчимд элбэг бол хөхвөр олби, бараан хэрэм, мануул зэрэг ховордож буй амьтан ч бий. Нийслэлчүүдийн “хөрш” зарим амьтныг танилцуулъя.
“ТЭНҮҮЛЧИН”
Улаанбаатарчуудтай тэр бүр таарахгүй ч энд тэндгүй “тэнэж” явдаг мануул (otocolobus manul) нийслэлийн эртний хөрш. Төв Азид тархсан, муурын төрөл зүйл мануул дунджаар 50-62 сантиметр урт, 2.5-4.5 килограмм жинтэй. Сүүлнийх нь урт 23-31 см. Босоо судал бүхий зосон улаан үстэй эл амьтан 1000-4000 орчим метрийн өндөрт нутагладаг. Жижиг мэрэгч, шувуу зэргээр хооллодог бөгөөд 10 хүртэл жил амьдардаг байна. Эмэгчин нь хээлээ 65-67 хоног тээж, 3-6 ногоолой төрүүлдэг. Эрэгчин нь ихэвчлэн “тэнүүлч” буюу үүр засдаггүй нь байнга шилжилт хийн, хөдөлгөөнтэй амьдардагтай нь холбоотой. Дэлхийн байгаль, байгалийн нөөцийг хамгаалах холбоо (IUCN) мануулыг ховор зэрэглэлд багтаажээ. Мөн зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдах тухай Вашингтоны конвенц (CITES)-ын II хавсралтад бүртгэгдсэн амьтан юм.
ЭНД ТЭНДГҮЙ ГҮЙЛДЭХ ЭЛДЭВТЭЙ АМЬТАН
Нийслэлийн нутаг дэвсгэрт элбэг тохиолдох, энд тэндгүй гүйх элдэвтэй хөөрхөн жирхийг мэдэхгүй хүүхэд цөөхөн биз. Хэрмийн овгийн нэгэн зүйл болох замба жирх Хангай, Хэнтий, Хөвсгөл, Их Хянган, Монгол Алтайн ой, тайга, бургас, голын хөндийд тархжээ. 13-15 см урт бөгөөд 79-104 грамм жинтэй. Сүүл нь дангаараа 6-14 сантиметр аж. Дагзны араас сүүлний уг хүртэл зоогоо дагасан, хар бараан, нарийнхан, таван судалтай. Намар өвлийн идэш хоолоо нөөцлөн, самар хураадаг гэнэ. 10-4 дүгээр сарын эх хүртэл ичдэг замба жирх Казахстан, БНСУ зэрэг 10 орчим улсад тархан нутагладаг. Эмэгчин нь 4-6 бөрөл гаргадаг бөгөөд үр төл нь 45 хоног эхийнхээ сүүгээр хооллодог байна. Эл амьтан хуш, шилмүүсний холтос, шавж, мөөг, төрөл бүрийн жимсээр хооллодог. Манай улс замба жирхийн тархац нутгийн 15 орчим хувийг тусгай хамгаалалтад авчээ. 1958-1960 онд жилд дунджаар 2600-4400 жирх агнах норм тогтоож, ашиг шимийг нь хүртдэг байсан нь тоо толгой нь цөөрөхөд нөлөөлсөн гэж судлаачид үздэг.
НИСДЭГ ХЭРЭМНИЙ ХАМААТАН
Модноос модонд дүүлэн нисдэг хэрмийг дэлгэцээр өчнөөн харж байсан ч хамаатан нь Монголд тэр дундаа нийслэлийн хаяанд байдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Тэр бол латинаар pteromys volans буюу хөхвөр олби хэмээх зүйл юм. Тархац, тоо толгойн хэлбэлзэл, түүнд учирдаг аюулын талаарх мэдээлэл хангалтгүй гэж судлаачид үздэг. Хөхвөр олби нь Монгол, Латви, Хятад зэрэг есөн улсад тархжээ. Монголд эл зүйлийн тархац нутгийн 11 орчим хувийг улсын тусгай хамгаалалтад авсан аж. Рteromys volans хэмээх төрөл зүйлийг 1758 онд анх бүртгэсэн бөгөөд олон улсад ховордож болзошгүйд тооцсон амьтан аж.
ХӨРС ЦЭВЭРЛЭГЧ
Монголчууд сохор номин (scalopus aquaticus) хэмээдэг эл амьтныг хөрс цэвэрлэгч гэдэг. Дунджаар 21 сантиметр урт, 120 грамм жинтэй, оготор сүүлтэй эл хөхтөний чих гаднаас нь үл анзаарагддаг. Учир нь далд байрлалтай аж. Бор саарал арьстай түүний хамар шовх үзүүртэй. Хүн шиг 36 шүдтэй. Нүд нь маш жижигхэн, битүү үсээр бүрхэгдсэн учраас сохор номин гэсэн байж мэдэх юм. Үржлийн үеэс бусад цагт ганцаар амьдарч, эмэгчин нь 2-5 зулзага гаргадаг сохор номингийн мөч богино, урд хөлний тавхай нь хавтгай байдгаараа онцлог. Хурц, том хумсаараа хөрс малтаж, хөндийлөн явдаг бөгөөд биеийн бүтэц нь газар доор амьдрахад зохицсон байдаг аж. Жишээлбэл, хөл нь доош биш, хажуу тийш чиглэсэн байдгаас газар дээр гишгэхдээ болхидуу. Харин нүх ухахдаа гаргууд. Үүнээс гадна усанд сайн сэлдэг гэнэ. Чийгийн улаан хорхой, ургамлын үндэс зэргээр хооллоно. Мөн жижиг мэрэгч барих нь бий. Сохор номин ховдог болохыг судлаачид тэмдэглэжээ. Орос, Хятад, Монголд тархан суурьшсан сохор номингийн амьдардаг газар нутгийн 18 орчим хувийг манайх улсын тусгай хамгаалалтад авчээ.
ДАГУУРЫН ЗАРАА УСТАХ ЭРСДЭЛТЭЙ
Улаанбаатарын орчимд таарах “өргөст бөмбөг”-ийг Дагуурын зараа (mesechinus dauuricus) гэдэг. Хөрш гурван улс Орос, Монгол, Хятадын тодорхой нутагт тархсан эл зүйл нь манай зүүн умард нутгийн тал, ойт хээр, Их Хянганы нуруунд нутаглажээ. Нас гүйцсэн үедээ 15-20 см урт, 600 граммаас нэг килограмм хүртэл жинтэй. Байгальд 6-10 жил амьдрах бөгөөд хүйтэн бүсийн бусад зарааны адил өвлийн улиралд ичдэг. Зарааны үс, махыг Дорнын уламжлалт анагаах ухаанд өргөн ашигладаг байсан нь тоо толгой нь буурахад хүргэснийг судлаачид өгүүлжээ. 1997 онд хэвлэсэн Монгол Улсын “Улаан ном”-ын хоёр дахь хэвлэлд Дагуурын зарааг устаж болзошгүй ангилалд оруулжээ.
ДОРГО “ДЭЭЛЭЭ” СОЛЬДОГ
Европ, Азид өргөн тархсан нэгэн амьтан бол дорго. Нүх ухаж, ганцаар болон хосоор амьдардаг онцлогтой эл амьтны биеийн урт нь 60-90 см, сүүлтэй нь тооцоолбол нэг метр гарна. Толгойн хажуу талаар нүд, чихээ дайрсан тууш хар судалтай. Гахайнх шиг шонтгор хоншоор, жижиг толгой, богино мөч гээд өвөрмөц төрхтэй. Урт, хурц хумсаараа хөрсийг хоромхон зуурт сэндийлж, гүнзгий ухна. Зарим судлаачийн онцолсноор, доргоны цээж, мөр хэсэг баавгайнхтай төстэй. Гуравдугаар сарын сүүлээр үс нь гуужиж, дөрөвдүгээр сард дахин ургадаг аж. Энэ үеийг анчид “Дорго дээлээ солих цаг” гэж ярьдаг байна. Ихэвчлэн шөнө ан хийж, жижиг мэрэгч, шувуу, гүрвэл, мэлхий, царцаа, голио, шавж барихаас гадна мөөг, жимс, ургамлын үр, үндсээр хооллодог дорго аравдугаар сард ичээндээ орно. Дөрөвдүгээр сар хүртэл үүрэндээ байж, хавар төллөнө. Эмэгчин нь хээлээ 271-284 хоног тээж, 1-6 ганьс гаргана.
Хятад, Энэтхэг, Монгол, Бутан, Мьянмар, Тайланд, Малайз, Индонез, Лаос, Камбож, Вьетнам зэрэг улсад тархсан эл амьтны латин нэршил нь badger.