Цагийн зүү 18.00-ийг зааж байна. Харанхуй нөмөрч, ажлын цаг дуусав. Гэхдээ хэсэг бүлэг хүмүүсийн ажил харанхуй болохоор эхэлдэг аж. Шөнийн цагаар ажиллаж, амьдралаа залгуулдаг олон хүн байдаг ч тэдгээр бүлэг хүмүүсийн арга бусдаас арай өөр.
Тэд бие махбодио мөнгөөр үнэлдэг. “Хүйсийн тэгш эрхийн төв”-өөс гаргасан судалгаанд Сүхбаатарын талбай, Хөрөнгийн бирж, Хүнсний I дэлгүүрийн автобусны буудал, “Ялалт”, “Тэнгис” кино театр, Хүүхдийн 100 дугаар дэлгүүр, ХААИС-ийн автобусны буудал, Бөхийн өргөө, Хүнсний 50 дугаар дэлгүүр, “Саппора” төв, I хорооллын арын автобусны буудлууд, Таван шарын автобусны буудал, Үйлчилгээний 19 дүгээр төвийн автобусны буудал, МУБИС, “Шангрилла”-гийн эргэн тойрон, Ханын материалын эцэс, “Баянбүрд” төв орчмын зочид буудал, баар, “Өргөө” кино театрын эргэн тойрон гэх мэт 21 газар биеэ үнэлэгчдийн ажлын байр болохыг дурджээ.
Үүний дээр нийслэлийн өнцөг булан бүрт байрлах саун, массажны газар, зочид буудлуудын харьяаны гэгдэх биеэ үнэлэгч нэмэгдэнэ.
ОГИУДАС ХҮРМЭЭР НЭГЭН БАЙЛАА Ч МӨНГӨ НЬ ХЭРЭГТЭЙ
Биеэ үнэлж, мөнгө олдог хүмүүсийн овгорууд зогсдог гэх Улаанбаатарын үүдийг зорилоо. Лениний хөшөөг тойрон арав гаруй эмэгтэй холхих аж. Хэн эднийг тоож авдаг байна гэмээр хир даг болсон хувцас, ширэлдэж, өнгөө алдсан үс, зүстэй гуч гаруй насны бүсгүйчүүд тэр хавиар явах залуусыг ээрэн “Яриа байна уу”, “Тохирох уу”, “Дуудсан уу” хэмээн өдөх аж. Багшийн дээдийн баруун талын автобусны буудал хавьцаа зогсох машин бүрээс дээрх асуултаа асуух сонсогдоно. Тэр орой хүйтний дээр нөгөө хэдэд ажил олдохгүй, тамхи баагиулан алхацгаах аж. Эзэмшлийнх нь газарт багагүй хугацаанд зогссон над руу хяламхийн харж, шивэр авир хийх нь цаанаа л ёозгүй. Тиймээс байрлалаа өөрчлөх далимаараа арван жил энд зогссон гэх Л.Чимгээгээс цөөн асуултад хариулт авлаа.
-Уучлаарай эгч ээ, би бага насны биеэ үнэлэгч охид хаана зогсдогийг мэдэх гэсэн юм. Та мэддэг бол зааж өгөөч?
-Тэд нараар яах нь вэ. Чамайг авчир гэсэн юм уу?
-Үгүй. Хэрэг байна.
- “ З у л з а г а ” - н у у д ы г гудамжинд зогсдог гэж хэн чамд хэлээ вэ. Нялх амьтад дулаан газар бараадах нь ойлгомжтой шүү дээ. Тэд үнэтэй байдаг болохоор боссууд нь тордоод аваад явчихдаг юм. Зарим нэг жагсаалтаас гарч байгаа нь Ханын материал, Таван шар орчим, Баянзүрхийн хүнсний зах, Нарантуул, Алтан-Өлгий, Офицеруудын ордон хавьцаа очдог.
Тэгээд хэд хэдэн зочид буудал, шашны сүм бий. Би нэрийг нь хэлж болохгүй л дээ. Гэхдээ “зулзага”-нуудын ихэнх нь баярын үеэр Эрээн рүү гарчихдаг юм.
-Яагаад?
-Нэг замаар хоолоо олж идэж байж нөгөөхийгөө матах муухай. Мэдэх юм бол бөөн юм болно. “Үүр”-ийг нь зааж өгсөн хүнийг гишгэх газаргүй болгосон тохиолдол зөндөө бий.
-Биеэ үнэлэгчдийг толгойлдог хүн байдаг гэсэн. Бас нэг гэрт амьдардаг гэж дуулсан юм байна?
-Тийм хүмүүс бий. Миний мэдэхээр Бүргэд, Сорвит, Болдмаа, Барзаак Туяа, бүдүүн Тамираа, Онон гэх хүмүүсийн ивээл дор биеэ үнэлэгчид хуваагддаг. Ер нь ихэнх биеэ үнэлэгч орон гэргүй, харж хандах хүнгүй, гэрээсээ явсан байдаг учраас нийлж байр түрээсэлдэг юм билээ.
-Та яагаад энд зогсдог болсон юм бэ. Гэр бүлтэй биз дээ?
-Арван жил болж байна. Сургуулиа төгсдөг жилээ осолд ороод ажил хийх чадамжгүй болсон. Тэгээд л мөнгө олж гэрийнхнээ тэжээхийн төлөө аргагүйн эрхэнд энд ирсэн. Хүүхэд байхад ичиж зовдог л байлаа. Одоо бол хэнээс ичих вэ. Гэр бүлийн хүн маань хүүхдүүдээ хардаг.
-Ихэвчлэн ямар хүн та нарын үйлчлүүлэгч байдаг вэ?
-Янз янзын л хүн байна. Нэртэй, цуутай хүн ч байна. Сэжиг төрж, огиудас хүрмээр нэгэн ч байна. Гэхдээ бидэнд мөнгө нь хэрэгтэй юм чинь.
ТӨГСӨХ АНГИЙН СУРАГЧИД “БҮЖИГЛЭДЭГ”
Манайд 4000 гаруй биеэ үнэлэгч албан ёсоор бүртгэлтэй байдаг аж. Түүнээс 1000 гаруй нь саун, массажны газраар явж, чат, лавлахуудад утасны дугаараа үлдээж дуудлагаар биеэ үнэлдэг байна. Аав, ээжийнхээ энгэрээс гарч амжаагүй нялх булбарай, цэцэг цэврүү шиг жаахан охид бусдын зугаа цэнгэл болж, амьдралыг түүгээрээ төсөөлөн, энэ зам руу эргэлт буцалтгүй орсон тухай яриа гарах болсоор удаж байна.
Ажлын байраа зарлаж, авах хүнээ хүлээн зогсдог, арав, хорин мянган төгрөгийн үнэтэй бүсгүйчүүдийг олох хэцүү биш. Гудамжинд явж байхад өөрөө гүйгээд ирэх нь ч бий. Харин мөнгөтэй хүмүүсийн зугаа болж, халаасаа халтар мөнгөөр дүүргэдэг охидыг орогнуулдаг газар, байрлуулдаг байр одоогоор тийм ч ил биш.
Тэр тусмаа 12-15 настай биеэ үнэлэгчдийг эзэд нь өндөр үнэтэй, томоохон саун, массажны газарт нууж, зардаг байна. Хэд хэдэн хүний тусламжтайгаар 9909... бүхий дугаар олж авлаа. Дугаарыг нь цуглуулаад залгавал жаахан дүүгийн маань хоолойноос ялгагдах нь үгүй өнгөөр “Байна уу, хэн бэ” хэмээн цангинах нь тэр.
-Сайн байна уу. Өөрийг чинь “....” сауны газарт харьяатай гэсэн л дээ. Тэндээс чиний дугаарыг өглөө. Дарга маань чамайг завтай юу гэж асууж байна?
-Аан. Та нар хаана байгаа юм. Даргатай чинь ярьж болох уу?
-Даргатай ярих боломжгүй байна. Гуравдугаар хороололд нэг газар байна л даа. 3-4 хүн хэрэгтэй байна. Хэдүүлээ ирэх боломжтой вэ?
-Төлбөрөө бэлнээр авна. Гурвуулаа очих боломжтой.
-Төлбөр хэд билээ?
-Нийлээд 600 доллар.
-Гаднаас хүмүүс ирсэн болохоор хүлээлгэмээргүй байна. 30 минутын дараа ирэх боломжтой биз дээ. Ирэхээр чинь төлбөрийг нь бэлнээр өгье.
-За тохирлоо. Яг хаана очих вэ?
40 орчим минут хүлээсний дараа 9911... тэй дугаараас залгалаа. Байгаа газраа хэлтэл дэгжин хувцаслаж, нүүрээ будсан 15-16 насны гурван охин орж ирлээ. Замын түгжрэл их байгааг хүйтэнтэй холбон тайлбарлах охид эргэн тойрныг бүртгэн, тамхилах аж. Дарга нар түр гарсан тухай тайлбарлаж, яриа өдлөө.
-Та нар яг юу хийдэг юм бэ?
-Бүжиглэдэг. Хүсвэл дуулна.
-Түүний төлөө нэг хүн 200 доллар авдаг гэж үү. Манайд тийм их мөнгө зүгээр өгчихдөг хүн байх уу?
-Байлгүй яахав дээ. Хүмүүс биднийг өөрөөр ойлгоод байдаг юм. Насаар багыг минь хараад хүүхэд шигээ санаад төлбөрөө гүйцэд төлдөг хүн олон бий.
-Та нар сурдаг уу?
-Сурдаг.
-Их сургуульд уу?
-“Үгүй” хэмээн хэлэхтэй нь зэрэгцэн нэг нь “Та ямар их юм асуудаг юм бэ. Дарга нар чинь ирэх болж байгаа юм уу. Эсвэл бид нар явлаа. Ажил ихтэй байхад” хэмээн уцаарлав.
-Миний харж байгаагаар та нар дунд сургуульд сурдаг юм шиг ээ. Ингэж бүжиглэж мөнгө олдгийг гэрийнхэн чинь мэдэж байгаа юу. Олсон мөнгөө юунд зарцуулдаг вэ?
-Мэдэлгүй яадаг юм. Чамд ер нь ямар хамаатай юм бэ. Дарга энэ тэр гэж худлаа хэлсэн юм биш үү хэмээн бусдыгаа толгойлдог байрын охин нь уурлахад нөгөөх хоёр нь даган гарч одов. Эх сурвалжийн мэдээлснээр тэд нэгэн лицей сургуулийн 11, 12 дугаар ангид сурдаг бөгөөд “....” саун, массажны газарт бүжигчин нэрийн дор биеэ үнэлдэг байна.
Тэд дуулж, бүжиглэж, бусдын зугааг гаргасныхаа хөлсөнд хамгийн багадаа 100 мянган төгрөгийн хөлс авдаг гэсэн. Тус газарт ийм аргаар мөнгө олдог арав гаруй охин байдаг бөгөөд тэдний ихэнх нь оюутан. Гэхдээ дээрх газарт дундаж орлоготой биеэ үнэлэгчид байдаг бөгөөд өдөрт тэдний олдог мөнгийг цагийн дотор халаасалдаг хүмүүс цөөнгүй байдаг аж.
ШИЛЭН ХОРГОН ДОТОРХ ЭМС
Баянгол дүүрэгт байрлах нэгэн караоке бааранд шилэн хорго, шилэн ширээний дор нүцгэн охид мансуурлын байдалтай туялзан хэвтэх аж. Япон, солонгос үндэсний хоол тамшаалан суух хөгшин хятадууд тэднийг харан баясаж, ширээний гэгдэх хүүхнүүдийнхээ бөгс, бөөрийг илэн тамхи баагиулах нь тэндхийн байнгын дүр зураг гэсэн. Шилэн хоргон дотор 18-20 орчим насны эмс, хүүхнүүд байх бөгөөд 3-4 өдөр хүлээсний эцэст ээлж нь ирж, тийнхүү эхээс төрсөн биеэрээ элдэв янзын хөдөлгөөн хийж, аягладаг байна.
Шөнө дунд болоод ирэхийн алдад бага насны охид шилэн хоргонд орох эрхтэй болдог бөгөөд энэ нь тодорхой гаригт, тодорхой цагт болдог үнэтэй үзүүлбэр гэсэн. Өрөөний үйлчилгээ, ширээний охидоос хэд дахин орлого олдог тул тэнд хэвтэхийг охин бүр мөрөөддөг аж. Учир нь эрээ цээргүй аяглаж, маягласных нь төлөө тэднийг хамгийн өндөр үнээр буюу цагийн 150-200 мянган төгрөгөөр худалдан авдаг байна.
Гэхдээ ихэвчлэн хөгшин хятад, япон, вьетнамчууд. Нэг газраар өдөрт 3-4 удаа үйлчлүүлдэг бөгөөд орж ирэх бүртээ өөр өөр охин хөтлөн, өрөө авдаг хөгшин гадаад олон байдаг гэнэ. Тэд ихэвчлэн барилга, зам засвар, үйлчилгээний компанид ажилладаг хөлс, хулмас үнэртүүлсэн өвгөд байдаг гэсэн.
Мөн нэр бүхий томоохон зочид буудал, саун, массажны газруудын булангийн өрөөг захиалгагүй байлгаж, дуртай цагтаа бага охиноосоо дүү охидыг дагуулан ордог төрийн түшээд ч байдаг тухай эх сурвалжууд өгүүлэв. Тухайлбал өөрсдийгөө бусдын хажууд “Баавгай”, “Бүргэд” “Чоно” хэмээн дуудаж, охидод мөнгөө шавхаж дууссан буудлын байнгын үйлчлүүлэгчид цул алтан бөгжөө буудлын барьцаанд хэд хэдэн удаа тавьсан сураг ч дуулдав.
Тэд нэг удаа үйлчлүүлэхдээ тухайн буудал, сауны газартаа ихээхэн хэмжээний орлого оруулдаг тул байгууллагын дотоод нууцыг хэнд ч задлахгүй хэмээн ажилчдаас нь ам авсан байдаг аж. Биеэ үнэлэгчдийн үнэн голоосоо үзэн яддаг хүн нь “Аав” нар.
Тэднийг бас өөрөөр “Шимэгч”, “Орлого хаагч” хэмээн нэрийддэг аж. Яг сайхан үйлчлүүлэгчтэйгээ тохироод юм уу, ид ажлаа хийж байх үед нь дуут дохиогоо хангинуулан давхиж ирэх цагдаагийн алба хаагчдыг тэд ийнхүү нэрлэдэг. Дүүргүүдийн Хэв журмын хэлтсийнхэн биеэ үнэлэгчидтэй хэчнээн тэмцээд ч нэмэр байдаггүй талаар ярьдаг. З
арим нь “Эгч нь хоёр хүүхдээ орны хөлнөөс уяад гараад ирсэн. Ачигдчих юм бол тэд маань өлсөж үхнэ шүү дээ. Одоо дахиж энүүгээр үзэгдэхгүй ээ” хэмээн гуйдаг ч засарсан хүн тун цөөхөн гэсэн. Өдөр бүр ийм зовлон сонсдог хүчнийхэн “Өрөвдөөд ч нэмэргүй улс” хэмээн аргаа барж сууна.
Нийслэлийн хэмжээнд 243 зочид буудал, 1214 цэнгээний газар, 170 саун, массажны газар үйл ажиллагаа явуулж байгаа гэх албаны тоо байна. Нэг газарт багаар бодоход 3-5 биеэ үнэлэгч байдаг гэж тооцвол харамсмаар их тоо гарах нь. Үүний хэд нь ээжийнхээ энгэрт эрхлэн тоглодог насныхан бол... Булбарай охид ийнхүү буруу замаар хөврөх болсонд харамсахгүй байхын арга алга.