Нийтийн мэдээллийн тухай, Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг www.mojha.gov.mn цахим хуудсанд байршуулжээ. Өөрөөр хэлбэл, олон нийт уг хуулийн төсөлтэй танилцаж, санал хүсэлтээ илгээх боломжтой болов. Нийтийн мэдээллийн тухай, Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиуд бидний амьдрал өдөр тутам хэрэг болох эрх зүйн чухал бичиг баримт. Тиймээс хүний эрхийг дээдэлсэн, цахим засаглалыг дэмжсэн, технологийн аюулгүй, зохистой харилцааг хангахад өөрсдийн санал бодлоо тусгах нь чухал юм. Одоо хүчин төгөлдөр мөрдөж буй хуулиуд нийгмийн хэрэгцээ шаардлага хангахгүй, учир дутагдалтай, хөрсөн дээр буугаагүйг иргэд шүүмжилдэг. Үүний дагуу Монгол Улсын Засгийн газраас санаачлан Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга буюу Нийтийн мэдээллийн тухай хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай болон Кибер аюулгүй байдлын тухай анхдагч хууль, Цахим гарын үсгийн тухай хууль тогтоомжуудыг шинэчилэн найруулахаар болсон.