Хан-Уул дүүргийн III хороонд цайны газар ажиллуулдаг иргэн М.Алтанхишиг “Өнгөрсөн есдүгээр сард ариун цэвэр муу гэсэн шалтгаанаар манайхыг дүүргийн Мэргэжлийн хяналтын албаныхан 300 000 төгрөгөөр торгосон. Зам хаасны улмаас нэг ажилтан маань оройтчихоод, гэр лүүгээ явж чадахгүй эндээ хоёр хонон, хөнжил пүүгээ зэхэн, ханын шүүгээнд хийснийг байцаагч харснаар торгосон байсан. Нэг удаадаа сануулаад өнгөрөөч, орлого, ашиг муу байна гэж гуйсан ч торгууль тавиад явсан. Ер нь зай талбай жижиг, үйлчлүүлэгч олонтой цайны газар, гуанз, кафе зэргийг дүүрэг, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрынхан анхааралдаа авч, ямар нэгэн зөрчил илрүүлж, шийтгэхээ л урьтал болгодог нь нууц биш” гэв. Баянгол дүүрэгт гоо сайхны салон ажиллуудаг Г.Сэргэлэн “Салоныхоо байранд ажилчид маань өдрийн хоол хийж иджээ. Үүнийг тухайн үед шалгалтаар явж байсан мэргэжлийн хяналтын байцаагч илрүүлэн 400 000 төгрөгөөр торгосон нь 2019 оны арваннэгдүгээр сар. Бидний буруу гэдгийг ойлгож байна. Гэхдээ хяналтын байцаагчид торгуулиас өөрөөр шийтгэх, заавар зөвлөмж өгч хэвших хэрэгтэй.
Одоо бол Мэргэжлийн хяналтын газрынхан шалгалтаар явж буй сургаар ойролцоох салонууд бие бие рүүгээ утасдан, орчин тойрноо цэгцэлж, аль болох торгуулахгүй байхыг эрмэлзэн, шуурхайлдаг болсон. Хэрэв нэг л зөрчил харагдвал шууд торгоно шүү” гэж ярилаа. Үүнээс гадна “Хүчит шонхор” захын махны борлуулагч Г “Мах хадгалах, борлуулах ариун цэврийн шаардлага биелүүлээгүй гэсэн үндэслэлээр 200 000 төгрөгөөр хоёр удаа торгуулж байсан. Зөрчлийн тухай хууль мөрдсөнөөс хойш цагдаа, мэргэжлийн хяналтын зэрэг байгууллагаас иргэд, аж ахуйн нэгжүүдийг аль болох торгохыг чухалчилдаг болсныг хэлэх хүн олон бий. Манай захад торгуулж үзээгүй хүн цөөхөн” гэлээ. Баянгол дүүргийн иргэн Ц.Мөнхтөр “Өнгөрсөн зун оройхон, зуслангаас хот руу орж ирж байхдаа автомашиныхаа их гэрлийн нэг нь шатсаныг мэдээгүй явжээ. Замын цагдаа зогсоогоод техникийн бүрэн байдлыг хангаагүй хэмээн 20 000 төгрөгөөр торгосон. Авто зам гэрэлтүүлэг сайтай болохоор би өөрөө ч гэрэл шатсаныг мэдээгүй. “Замд хамгийн түрүүнд таарах засвар ороод гэрлээ солиулъя, битгий торгооч” гэж хэлээд ядсан. Торгууль төлж үзээгүй жолооч манай улсад байхгүй байх.
Тэгээд ч төрийн байгууллагуудын торгууль тавих эрх бүхий ажилтнуудад торгох мөнгөний дээд, доод хэмжээг хугацаа заан тогтоож өгдөг гэсэн. Тэр үүргээ биелүүлэх гэж л улайрдаг болов уу” хэмээн ярив. Үүнийг батлан нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын нэгэн байцаагч ийн ярьсан юм. Нэрээ нууцлахыг хүссэн тэрбээр 2020 онд таван сая төгрөгийн торгуулийн норм биелүүлжээ. Өөрөөр хэлбэл, байгаль орчин, геологи, уул уурхайн хяналт хариуцсан албаны ажилтан түүнд өнгөрсөн жил таван сая төгрөгийн торгууль тавих үүрэг өгсөн байна. Жил бүр гаргах ёстой байгаль орчны үнэлгээгээ цаг тухайд нь хийлгээгүй аж ахуйн нэгжүүдийг гол төлөв торгосон гэсэн. Харин 2021 онд уг торгуулийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлж 10 сая төгрөгт хүргэсэн гэв. Тэрбээр “Төрийн албан хаагчдын заримынх нь ажлыг үнэлэх нэг шалгуур бол тухайн улирал, онд иргэд, аж ахуйн нэгжүүдэд хэдэн төгрөгийн торгууль ногдуулсныг харгалзан үзэх. Ажлын үнэлгээгээр бид байгууллагын аварга болох, тушаал дэвших гэх мэт урамшуулал авдаг бол муу үнэлүүлбэл цалингаа хасуулах ч магадлалтай.
Коронавирусийн улмаас аж ахуйн нэгжүүдийн орлого ашиг буурч, үйл ажиллагаа нь доголдсон учраас төрийн албадын зүгээс үзүүлэх дарамт шахалтыг багасган, торгууль, төлбөр тавихгүй гэж буй ч бидний хийх ёстой ажлын нэгийг торгууль ногдуулах гэж удирдлага маань тооцсон хэвээр байна. Ажлаа сайн хийхийн тулд нүүрээ ширлээд, аль болох торгох гээд улайрна гэсэн үг. Гэхдээ ямар ч зөрчил дутагдал гаргаагүй иргэд, компани, байгууллагуудыг торгоно гэж байхгүй” хэмээн ярив. Нэг байцаагчийн торгуулийн нормыг нэмээд бусдыг нь орхиогүй байх. Тиймээс Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын хэмжээнд ажилладаг, салбар бүрийг хариуцсан бүх байцаагчийн тавих торгуулийн хэмжээ өнгөрсөн оныхоос дээр дурдсанчлан өсөн, тэр хэрээр иргэд, аж ахуйн нэгжүүдээс гаргуулах мөнгөн дүн нэмэгдэх нь. Энэ талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эрх бүрхий нэгнээс лавлахад тодорхой хариулт өгсөнгүй. Харин хэвлэлийн албаных нь ажилтан “Хүний эрүүл мэнд, байгаль орчинд онц ноцтой хохирол учруулахуйц зөрчил, дутагдал гаргасан иргэн, аж ахуйн нэгжүүдийг эрх бүхий байцаагчид нь Зөрчлийн тухай хуулийн дагуу торгодог. Гэхдээ торгохын өмнө удаа дараа сануулж, тухайн зөрчлөө арилгаагүй тохиолдолд л ийм арга хэмжээ авна. Байцаагчдын тавих торгуулийг байгууллагаас нь тогтоодог талаар болон хэмжээг нь нэмсэн, эсэхийг мэдэхгүй. Ер нь торгуулийн орлогоос хэдэн төгрөгийг төрийн санд хуримтлуулсныг хэлэх боломжгүй” гэсэн юм.
Дээр дурдсанчлан ямар нэгэн байдлаар зөрчил гарган, торгууль төлсөн иргэд, аж ахуйн нэгжийн тохиолдол бүрийг дурдвал маш их. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын үндсэн чиг үүрэг нь зөвлөх, туслах хэмээн журам, дүрэмдээ заасан. Гэтэл тэд зөвлөх, туслах гэхээсээ илүүтэйгээр загнан, торгохыг урьтал болгосон хэвээр байна. Мөн байцаагчдын үзэмжээр асуудлыг шийдэн, яг адилхан зөрчил гаргасан ч зарим нь торгоод, зарим нь сануулаад явсан байх юм. Энэ нь байцаагч бүрт торгуулийн хэмжээ тавьж өгдгөөс нормоо биелүүлсэн нь зөвлөөд, биелүүлээгүй нь торгоод өнгөрдөг гэж харагдаж байна.
Үүний зэрэгцээ иргэд, аж ахуйн нэгжүүд ажлын байр, үйлдвэрлэлийн орчиндоо ямар зөрчил гаргавал илүү хор хөнөөлтэй үр дагаварт хүрэх талаар байцаагчдаас тодруулж, лавлахаа хичээхгүй, асуудлаа нуун дарагдуулж, өнгөлөн далдлах сонирхолтой нь анзаарагдсан. Учир нь торгуулахаас л зүрхшээснийх болов уу. Тиймээс холбогдох байгууллагууд нь төрийн зарим алба, ажилтнуудын зүгээс иргэд, аж ахуйн нэгжүүдэд ногдуулах торгуулийн хэмжээг багасгах, урт хугацаанд торгуулийн тогтолцоог халахыг эрхэм болгох нь зүйтэй болов уу. Тэгвэл байцаагчид нь ч яаж торгох вэ хэмээн халширч явахгүй, аж ахуйн нэгжүүд ч торгуулиас зугтан асуудлаа нуун далдалж, аргацааж өнгөрүүлэхгүй байх. Ташрамд дурдахад, Зөрчлийн тухай хуулийг мөрдөж эхэлснээс хойш 2020 он дуустал давхардсан тоогоор 5.6 сая иргэн, 73 800 аж ахуйн нэгжийг торгожээ. Үүнээс улсын төсөвт 173 тэрбум гаруй төгрөг төвлөрүүлсэн гэсэн албан бус мэдээ бий нь насанд хүрсэн хоёр сая гаруй иргэн, 90 000 орчим аж ахуйн нэгжтэй манай улсад дэндүү ахадсан дүн гэлтэй.