Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны А/222 дугаар тушаалаар баталсан Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журмын дагуу өчигдөр цахимаар зохион байгуулсан дуудлага худалдааны үеэр 0001 УАР улсын дугаар 427 сая төгрөгийн үнэд хүрэв. Гэхдээ энэ хэмжээний мөнгөөр уг дугаарыг дуудлага худалдаанд оролцогч авчихсан гэсэн үг биш. Учир нь 427 сая төгрөгөөр уг дугаарыг авах гэж санал өгсөн иргэн 24 цагийн дотор буюу өнөөдрийн 13.30 цаг гэхэд төлбөрөө төлсөн байх учиртай.
Дээрх журамд “Сонирхол татахуйц улсын бүртгэлийн дугаарыг үнэ хаялцуулах замаар худалдан борлуулна” хэмээн заасан бөгөөд “азын” гэх тодотголтой улсын дугаарыг дуудлагаар худалдсаны орлогыг хүүхдийн сайн сайхны төлөөх үйл ажиллагаанд зарцуулах учиртай. Өмнө нь хэн нэгэн албан тушаалтны хахууль авах хэрэгсэл болж, орлого нь түүний халаасанд орж байсан улсын дугаарыг ийнхүү нээлттэй дуудлага худалдаагаар борлуулж буй нь сайн хэрэг. Өмнө нь АТҮТ-ийн нэг бус албан тушаалтан “азын” гэх 3000 гаруй улсын дугаарыг эрх мэдлээ ашиглан бусдад давуу байдал олгож байсныг АТГ-ынхан илрүүлэн, хэргийг нь хараахан шалгаж дуусаагүй байгаа гэсэн. Харин энэ гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөлийг арилгуулахаар АТГ-ын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа Зам, тээврийн хөгжлийн сайдад 2020 оны гуравдугаар сард, тус газрын Урьдчилан сэргийлэх хэлтсээс ч нэг бус удаа зөвлөмж хүргүүлж, улсын дугаар олгох журмыг шинэчлүүлснээр ийнхүү нээлттэй дуудлага худалдаа зохион байгуулж олгох болсон юм. Гэвч зарим хүн АТҮТ-ийн auction.transdep. mn цахим хуудсаар зохион байгуулсан өчигдрийн дуудлага худалдааг далимдуулан ижил тоотой улсын дугаарынхаа үнийг хөөсрүүлэх алхам хийсэн байж болзошгүй нь.
Учир нь иргэд 50 000 төгрөгийн дэнчин тавьж, нэг сая хүртэлх төгрөгөөр өсгөх байдлаар оролцож буй бөгөөд хоёр минутын дотор дараагийн хүн мөнгө нэмэхгүй бол хамгийн өндөр үнэ хэлсэн нь эзэмшигч болж байгаа. Ялагч нь 24 цагийн дотор төлбөрөө төлж, гэрээ байгуулах ёстой бөгөөд бусад оролцогчид нь дэнчингийн 50 000 төгрөгөө буцаан авч буй юм. АТҮТ-өөс өчигдөр зохион байгуулсан дуудлага худалдааны үеэр ижил АВАВ цифртэй дугаар 3.5 сая төгрөгийн үнэд хүрсэн бөгөөд тухайн иргэн нь удалгүй мөнгөө төлж, гэрээ байгуулсан гэнэ. Харин 427 сая төгрөгийн үнэд хүргэсэн эрхэм дугаар шилжих мөчид ямар нэг хэлбэрээр мөнгө төлөөгүй байв. Магадгүй энэ нь ижил цифртэй, сери буюу үсэг нь өөр дугаар ашигладаг хүмүүс зохион байгуулалттайгаар үнэ хөөрөгдсөн байж болзошгүй юм. Монголд өнөөдөр автомашинаасаа хэд дахин өндөр үнэтэй дугаар тээврийн хэрэгсэлдээ зүүж явах хүн тийм ч олон биш гэдэг нь мэдээж. Өөрөөр хэлбэл, ингэж хөөсрүүлсэн үнийг хэн ч төлөхгүй нь ойлгомжтой.
Тэгэхээр ийм байдлаар улсын дугаарын үнийг санаатайгаар хэт “хөөсрүүлэхээс” урьдчилан сэргийлэх ёстой болов уу. Уг нь Зөрчлийн тухай хуулийн 10.7-4.6 дахь хэсэгт “Уралдаант шалгаруулалт, дуудлага худалдаа, эсхүл төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаанд оролцохдоо өрсөлдөгчөө тухайн үйл ажиллагааны бодит нөхцөлөөс төөрөгдүүлэх, тэдэнд дарамт, шахалт үзүүлэх зэрэг үйл ажиллагаа явуулсан бол нөхөн төлбөрийг гаргуулж иргэнийг 2000 нэгжтэй тэнцэх, хуулийн этгээдийг 20 000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан байна. Тэгэхээр цаашид иргэд дуудлага худалдаагаар “азын” дугаар авахаар бол сайтар судалж, хөөсрүүлсэн үнээр худалдан авахгүй байхад анхаарах биз. АТҮТ-ийнхөн ч дуудлага худалдаа явуулах журмаа эргэн харах ёстой болов уу.
Бэлтгэсэн: Г.Равжаа