Манай улс нийт хүн амынхаа 60 хувийг дархлаажуулах зорилт тавьсан бөгөөд эхний ээлжид төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын ажилтан, хариу арга хэмжээний багт ажиллаж байгаа бусад салбарын төрийн албан хаагчид хамрагдана. Түүнээс гадна энэ өвчинд хамгийн өртөмтгий 50-аас дээш насныханд вакцин хийнэ, судалгааг гаргасан байна.
Монгол Улсад гурван түвшинд вакциныг хадгалах тоног, төхөөрөмж бүрдсэн байна. Улсын хэмжээнд дархлаажуулалтын 548 гаруй нэгж байдаг. Мөн тээвэрлэхдээ цагдаагийн байгууллагын хамгаалалтад явуулж, зай талбай томтой сургууль, цэцэрлэгийн заалыг ашиглаж иргэдийг вакцинжуулалтад хамруулна гэдгийг ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма хэлэв. Түүнээс вакцинжуулалттай холбоотой хэдэн хэдэн зүйлийг тодрууллаа.
-Цар тахлын эсрэг шинээр бүтээгдсэн вакцинууд хэр хугацаанд дархлаа тогтоох вэ?
Дэлхийн улс орнуудад COVID-19-ийн эсрэг вакцин ихэнхдээ хоёр тун хийгдэж байна. Хоёр удаа вакцин хийлгэж байж дархлаа бүрэн тогтоно. Ингэхдээ 3-4 долоо хоногийн зайтайгаар хийх товлол гарч байгаа.
Уламжлалт вакцинууд ч мөн 2-3 удаагийн тунг хугацаанд нь хийлгэж байж дархлаа бүрэн тогтдог. Харин цар тахлын эсрэг шинээр бүтээгдсэн вакцинууд богино хугацаанд, шинээр бүтээж байгаа тул бусад вакцин шиг тав, 10 жил эсвэл насан туршид дархлаа тогтооно гэж хэлэх боломжгүй. Ихэнх судалгааны материалд бичсэнээр зургаа ба түүнээс дээш сар дархлаа тогтооно, гэхдээ судлагдаж байгаа тул энэ хугацаа уртсах магадлалтай. Мөн вакцины онцлогуудаас дурдвал нэгдүгээрт, хувь хүний дархлаатай ихээхэн холбоотой. Хоёрдугаарт, вакциныг заасан хугацаанд хийлгэх нь дархлаа тогтоох чанар их нөлөөлнө. Гуравдугаарт, хадгалалт, тээвэрлэлт горимын дагуу зөв явагдсанаар тухайн хүнд дархлаа тогтоох боломжтой.
-Хүн амын 60 хувийг вакцинд хамруулна гэх тооцооллыг юунд тулгуурлаж хийсэн бэ?
-Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тухайн улс орон хүн амынхаа 60-70 хувийг дархлаажуулснаар цар тахлыг даван туулах буюу өвчлөлийг хяналтдаа авах боломжтой гэсэн зөвлөгөөг өгч байна. Улс орнууд энэ зорилтын төлөө явж байгаа. Бид гэсэн халдвар өвчнийг хяналтандаа авахын төлөө хичээн ажиллаж байна.
-Вакцинд хамруулах насыг 18-аас дээш гэж тогтоосон учрыг тайлбарлана уу?
-Манай улсын нийт хүн амын 63 хувийг 18-аас дээш насныхан эзэлдэг. Энэ насныхан вакцин 95 хувь хамрагдлаа гэхэд нийт хүн амын 60 хувийг вакцинжуулна чадна гэж үзсэн. Вакцинууд өөрийн гэсэн заавартай. Зааврын дагуу эсрэг заалт гэж бий. Эсрэг заалттайгаар холбоотойгоор вакцинжуулна гэж тооцсон 63 хувийнхаа 95 хувьд вакцин хийх нь нийт хүн амын 60 хувь болно гэсэн үг. Мөн вакцин анх бүтээгдсэн хугацаанаасаа эхлээд 18 -аас дээш насныханд зориулж, туршилт, судалгааг хийсэн болохоор 18-аас дээш насныханд хийнэ гэсэн заалттай. Харин одоогоор 9-12 насны, 12-16 насны гэх мэт насны ангилалаар вакцин хийх судалгаа шинжилгээ хийгдэж байна. Иймд дараагийн ээлжинд бага насны хүүхдүүдэд зориулсан вакцин удахгүй гарах байх.
-Вакцинд хамрагдахгүй бол яах вэ?
-Халдварт өвчнөөс өвөрмөцөөр сэргийлэх ганц арга нь вакцин. Үүнийг дэлхий дахинд шинжлэх ухаанаар батласан учраас халдвараас хамгаалах хамгийн зөв арга бол энэ. Бид хэдийгээр хувийн ариун цэврийн дэглэмээ сахиж, хамгаалж байгаа ч гэсэн хамгаалтын цор ганц өвөрмөц арга нь вакцин тул товлолын дагуу бүрэн хамрагдсанаар өвчнөөс сэргийлэх боломжтой.
-Коронавирусийн эсрэг вакциныг хадгалах нөхцөлийг бүрэн хангаж чадсан уу?
-Монгол Улсад гурван түвшинд вакциныг хадгалах тоног төхөөрөмж бий. Үндсэн хоёр төрөл буюу +2-оос +8 болон -20 хэмд хадгалах тоног төхөөрөмжүүдийн багтаамж, нөөц бэлэн бий. Шинээр бүтээгдэж буй -70 хэмд хадгалагдах вакцинд зориулж, оны эхэн буюу нэгдүгээр сард 26 ширхэг -70 хэмийн хөлдөөгчийг Эрүүл мэндийн яам яаралтай авч өгсөн. Үндсэндээ, дэлхий дахинд бүтээгдэж буй гурван төрлийн вакциныг хадгалах бүрэн боломж бүрдсэн.