00 01 УАР улсын дугаарыг дуудлага худалдаанд оруулж, 427 сая 450 мянган төгрөгөөр борлуулж чаджээ. Үүнээс өмнө 0101 УАР серийн дугаар 64 сая төгрөгт хүрч, эзнээ "олсон". Зам тээврийн хөгжлийн сайдын 2020 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдрийн А/222 тоот тушаалаар батлагдсан “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх улсын дугаар олгох журам”-ын хүрээнд тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн зарим дугаарыг худалдах нээлттэй цахим дуудлага худалдааг зарласан. Үүний дагуу өнөөдөр өглөө дуудлага худалдаа эхэлсэн. Хоёрдугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны гуравдугаар сарын 26-ны өдрийн хооронд уг дуудлага худалдаа үргэлжилнэ. Энэ хугацаанд нийт автомашины 387 улсын дугаарыг худалдах юм. Төвлөрсөн орлогыг хүүхэд хамгаалал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан үйл ажиллагаанд зарцуулна. Хамгийн өндөр үнэ өгсөн оролцогч тухайн дуудлага худалдааны ялагч болох бөгөөд худалдан авсан улсын дугаарын үнийг 24 цагийн дотор төлж, “Улсын бүртгэлийн дугаар олгох гэрээ” байгуулснаар баталгаажна.