Зэсийн ханш өмнөх долоо хоногт сүүлийн найман жилийнхээ дээд түвшинд хүрлээ. АНУ эдийн засгаа дэмжих хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байгаа, ам.долларын ханш суларч, уг таваарын нөөц болон томоохон үйлдвэрлэгч Чилийн нийлүүлэлт багассан, улс орнууд иргэдээ вакцинжуулж буй зэрэг нь үүнд нөлөөлснийг mining.com цахим хуудсанд тэмдэглэжээ. Лондоны металлын биржид уг таваарын нөөц 73 500 тонн болсон нь 2005 оноос хойших хамгийн доод түвшин нь аж. Өнгөрсөн баасан гаргийн байдлаар тонн зэсийн ханш 8270 ам.доллартой тэнцэж байв. Европын томоохон үйлдвэрлэгч “Aurubis” компанийн гүйцэтгэх захирал Роланд Харингс “Эрэлтээс шалтгаалж зэсийн үнэ цаашид үргэлжлэн өснө гэж бид таамагласан” хэмээжээ. Хавар болж, бүтээн байгуулалтын ажил нэмэгдэх тул эрэлт нь өсөхөд нөлөөлнө гэж “Morgan Stanley” банкны шинжээчид мөн тэмдэглэв. Ташрамд дурдахад, зэсийн хэрэглээгээр дэлхийд тэргүүлдэг Хятадын Шанхайн фьючерсийн биржийн арилжааг Цагаан сартай холбоотойгоор зогсоосон бөгөөд ирэх пүрэв гаргаас эргэн нээх юм.