“Сүнжин гранд” зочид буудлын дэд захирал Ким Юү Сог болон Юү Мо Жин нарт холбогдох хэргийг Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн шүүхэд шилжүүлээд байгаа. Тэд өнгөрсөн наймдугаар сарын 26-ны үдэш манай улсын иргэн Я, Э нарыг зодож, гэмтэл учруулсан юм. Хэргийг Улсын мөрдөн байцаах газрын Онц хүнд, зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтсийнхэн шалгасан.
Ким Юү Сог нь “Сүнжин гранд” зочид буудлын дэд захирлын алба хашдаг бөгөөд энэ хэрэгт холбогдолгүй хэмээн тайлбарладаг ч нотлох баримт, хохирогч нарын мэдүүлгээр гэм буруутайг нь тогтоосон. Тиймээс түүнд Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлд зааснаар бүлэглэн танхайрч, бусдын биед хүнд гэмтэл учруулсан гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн байна.
Тэдэнд холбогдох хэрэгтэй Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгч танилцаад саяхан нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ. Тус шүүхийн албаны хүнээс энэ талаар тодруулахад “Сүнжин гранд зочид буудалд монголчуудад халдсан хэрэг гарах үед БНСУ-ын гурван иргэн байсан юм билээ. Гэвч мөрдөн байцаалт, прокурорын шатанд нэгийг нь холбогдолгүй гэж үзсэн байсан.
Хавтаст хэрэгтэй танилцаж байхад 37 настай Ан Жи Вонг гэдэг эр бас холбогдолтой байгаа учраас түүнийг хэрэгт холбогдуулан шалга гэсэн даалгавар бичиж, нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан” гэлээ.
Г.РАВЖАА