15 настай охиныг бүлэглэн хэрцгийгээр хөнөөсөн Ө.Хэрлэнчимэг нарт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан билээ. УМБГ-ын Онц хүнд, зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтсийнхэн нэмэлт ажиллагаа хийж дууссан гэж үзээд Нийслэлийн прокурорт шилжүүлсэн аж.
Гэвч мөрдөн байцаагч нар шүүхээс даалгасан ажиллагааг дутуу хийсэн гэж үзээд Прокурор хэргийг дахин шалгуулахаар шилжүүлсэн байна.
Энэ хооронд Ө.Хэрлэнчимэг Ганцхудагт өлсгөлөн зарлаж, найз залуугийнх нь ээж хэвлэлийнхний өмнө үсээ авахуулж, хохирогчийн аав Ц.Гончиг ЦЕГ-ын өмнө эсэргүүцлээ илэрхийлэхээ мэдэгдсэн. Түүний зэрэгцээ хэргийн талаар ганцаараа үнэн мэдүүлсэн Д.Сарантуяаг хэргийн холбогдогч нар өмгөөлөгчдийнхөө хамтаар дарамталсан гэдэг.
Тиймээс төрийн бус нэг байгууллагынхан түүнийг хамгаалалтдаа аваад байгаа. Өдгөө прокурор хавтаст хэрэгтэй танилцаж буй аж. Улмаар энэ сарын 13-наас эхлэн өлсгөлөн зарласан Ө.Хэрлэнчимэгийг албадан эмчилгээнд оруулсан байна.
Түүний зэрэгцээ хэргийн яллагдагч Ж.Очбадрах Ганцхудагт өлсгөлөн зарлахаар болж байгаа сурагтай.
Г.РАВЖАА