Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун, Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга В.Үнэнбат нар "Монголын тариаланчдын үндэсний холбооны төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтын үеэр улаан буудайн арилжааг Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан зохион байгуулах болсноо салбарын сайд нь онцолсон байна. Биржээр дамжуулж улаан буудайн арилжаа хийснээр тариаланч өөрөө үнээ тогтоох боломж бүрдэх юм. Түүнчлэн чанарын шаардлага хангасан улаан буудай авахын тулд "Хөдөө аж ахуйг дэмжих сан"-ийн элевторыг ашиглах нь зүйтэй хэмээн үзэж, энэ чиглэлд цогц шийдэл гаргана гэжээ. Тариалан эрхлэлттэй холбоотой бас нэгэн чухал асуудал болох хөрс, үрийн асуудалд анхаарч хөрсний үржил шимийг сайжруулах, хөдөө аж ахуйн техникийн элэгдэл тооцох хугацааг багасгах, хүнсний агуулах ложистикийн сүлжээ байгуулах төслийн ажлыг хурдасгах, Хөгжлийн банкны санхүүгийн эх үүсвэрээр тариаланчиддаа олгож буй зээлийн хугацааг сунгах зэрэг арга хэмжээг бодлогын түвшинд дэмжин, цаашид "Монголын тариаланчдын үндэсний холбоо"-той хамтран ажиллахаа илэрхийллээ. МТҮХ-ноос газар тариалангийн бүтээмжийг нэмэгдүүлэх, энэ салбарын хөгжилд хувь нэмэр оруулах чиглэлээр салбарын сайдад хамтран ажиллах хүсэлтээ уламжилж, бодлогын дэмжлэг хүсэж буйгаа илэрхийлсэн юм.