Монголд үйл ажиллагаа явуулахаар орж ирсэн гадаадын зарим иргэн манай улсын төдийгүй олон улсын хууль дүрэм зөрччихөөд хаа нэг тийшээ зугтчихдаг жишиг тогтоод байгаа. Түүгээр зогсохгүй манай улсын хуулийг уландаа гишгэсэн гадаадын иргэдийг хил давуулан оргуулдаг бүлэг байгаа гэж хэлэхэд ч нэг их хилсдэхгүй болов уу. Монголбанкнаас их хэмжээний мөнгө залилсан Ж.Чайлмерс, “Алтан дорнод Монгол”- ын С.В.Паушок, “Транс” банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан ОХУ-ын иргэн А.Е.Новожилов нар манай улсын шүүхийн хяналтад байхдаа улсын хилээр ямар ч гэмгүй хүн шиг гараад явсан.
А.Е.Новожилов нь “Транс” банкнаас 2006-2008 онд баталгаагүй барьцаагаар 2.5 тэрбум, барилга засварын ажил хийх нэрээр 290 сая, хувийн харилцах дансандаа 40 гаруй сая гэх мэтээр банкны харилцагч, хадгаламж эзэмшигчдийн мөнгийг шилжүүлж аваад сураггүй болсон юм. Түүнийг эрүүгийн хэрэгт холбогдуулан цагдан хориод байхад нь Чингэлтэй дүүргийн иргэн У гэгч нэгэн эмэгтэй батлан даалтад авсан байдаг. Түүнд ямар хариуцлага тооцсон талаарх мэдээлэл алга.
“Транс” банкны хувьцааны 51 хувийг Швейцарийн хөрөнгө оруулалттай “Инфрастракчер” гэх компани буюу тус улсын иргэн Армен эзэмшдэг байсан юм. Тэрбээр тус банкны хувьцааг худалдан авахдаа “Швейцарийн банк шиг болгоно. Хувьцаагаа бусдад худалдахаар бол хамгийн түрүүнд бусад хувьцаа эзэмшигчдэд санал болгоно. Монгол Улсаас гарахаар бол Төвбанкинд мэдэгдэнэ” гэсэн утгатай гэрээг Монголбанк, “Транс” банкны холбогдох албаны хүмүүстэй байгуулж орж иржээ.
Гэвч тэрбээр гэрээнийхээ үүргийг биелүүлсэнгүй. 51 хувийн хувьцаагаа нууцаар “Оюуны ундраа” компанийнханд худалдчихаад чоно борооноор, муу хүн чөлөөнөөр гэдэг шиг хэнд ч мэдэгдэлгүй хил гараад арилж өгөв. Түүний нууцаар хил давах болсон шалтгаан нь “Транс” банкны гүйцэтгэх захирал асан ОХУ-ын иргэн А.Е.Новожилов мөнгө завшсан хэрэгт холбогдож, улмаар өөрийг нь хэрэгт татсантай холбоотой.
Тэрбээр мөнгөтэй төгр өгтэйд өө манай улсын арилжааны банкинд хөрөнгө оруулааг үй бололтой юм Оросын гэмт бүлэглэл буруу аргаар олсон мөнгөө манайд угаахаар анхнаасаа зохион байгуулалттайгаар оруулсан гэх хардлага байна.
Баттай эх сурвалжаас “Тус банкны хуучин удирдлага болох Армен, А.Е.Новожилов нар Кипрт байгаа оросуудын их хэмжээний мөнгийг манай улсад угааж, ОХУ руу гаргасан нь тодорхой боллоо. Энэ асуудлыг цагдаагийнхан дөнгөж шалгаж эхэлмэгц Армений өмгөөлөгч “Банкинд хохирол учраагүй” хэмээн итгүүлж цагдаагийнхныг аргалснаар мөнгө угаасан байж болзошгүй хэргийг хааж, түүнийг хилээр гарахыг хориглосныг нь цуцлуулан, гэрээнийхээ заалтыг зөрчин оргоход нь тусалсан байх юм.
Мөнгө угаасан байж болзошгүй үйлдлийг лавшруулан шалгасан бол манай улсад байхгүй гэж үзээд байгаа мөнгө угаах гэмт хэрэг илрэх байсан байж ч болзошгүй. Гэвч манай хууль хяналтын байгууллагынханд энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэх, шалгах туршлага дутмаг, мөнгө угаах гэмт хэрэг гэж чухам юуг хэлэх талаарх нэгдсэн ойлголт байхгүй нь нөлөөлсөн байж болох талтай” гэж бидэнд мэдээлэв. Швейцарийн иргэн Арменийг 51 хувийн хувьцаа буюу голлох хувьцааг эзэмшиж байх үед А.Е.Новожилов “Транс” банкнаас анх барилга засварын нэрээр 290 сая төгрөг авчээ. Уг мөнгөө яасан нь бүү мэд.
Ийм их мөнгийг нэг дор үрэн таран хийх боломж Монголд хомс. Тиймээс А.Е.Новожилов уг мөнгийг Армений даалгавраар ОХУ руу шилжүүлсэн байж болзошгүй байгаа юм. Учир нь А.Е.Новожиловыг энэ их хэмжээний мөнгийг үрэн таран хийчихээд байхад түүнийг гүйцэтгэх захирлаар томилсон Армен нь “Би ямар ч гомдолгүй” гэсэн байгаа юм. Түүгээр зогсохгүй уг мөнгө нь алга болсны дараа удаа дараагийн гүйлгээгээр “Транс” банкны данс руу багагүй хэмжээний мөнгө орж ирсэн байдаг.
Үүнийг шалгах явцад А.Е.Новожилов тус банкны харилцагч нэгэн компанийн захирал Б-г зээл авахтай холбогдуулан шантаажлах маягаар гарын үсэг зуруулж, хуурамч бичиг баримт бүрдүүлэн мөнгө авсан гэдэг. Бүр тодруулбал барилга засвар нэрээр 290 сая төгрөг авахдаа ямар ямар материалд зарцуулсан гэх нарийвчилсан дүгнэлтгүйгээр бэлэн мөнгө авсан байгаа юм. Үүнийг Монголбанк болон “Транс” банкны Хяналт шалгалтын албаныхан илрүүлж акт тавьж байсан тухай баримт байна.
Энэ тухай хавтаст хэрэгт гэрч Б “А.Е.Новожилов энэ гэрээнд гарын үсэг зурчих, засварын ажлыг өөр хүмүүсээр хийлгэчихнэ гэсэн. Би санхүүгийн баримтад гарын үсэг зурсан нь үнэн. Гэхдээ нэг ч төгрөг аваагүй. Гарын үсэг зурахад мөнгөний дүн, тоо хэмжээ байдаггүй байсан. А.Е. Новожилов надаар нэлээд хэдэн удаа зуруулсан” гэж мэдүүлжээ. Ийм баримт байхад түүнийг өмгөөлж хамгаалж буй хүмүүс гэмгүй мэтээр ярьж байна. Хэрэв А.Е.Новожиловыг хилсээр хэрэг хүлээлгэсэн бол ОХУ-аас манай улсад суугаа ЭСЯ-ныхан иргэнээ Монголд зүгээр л гэмт хэрэгтэн болгоод өгчихгүй нь лавтай. Эндээс харахад А.Е.Новожилов уг мөнгийг Армений даалгавраар авсан гэж үзэж болохоор байгаа юм.
Ганц энэ жишээгээр тогтохг үй өөр ч баримт байна. Эдгээр асуудал дэгдэхээс өмнө мөн л багаг үй хэмжээний мөнгийг нааш цааш нь болгож байсан гэх мэдээлэл бидэнд олдлоо. Тухайлбал, “Инфрастракчер” компани буюу “Транс” банкны 51 хувийг эзэмшигч Армений нэр дээр Кипрээс 2-3 удаа нэлээд их хэмжээний төгрөгийг долларт шилжүүлсэнтэй тэнцэх хэмжээний валют шилжүүлсэн гэнэ. Энэ талаарх мэдээллийг холбогдох эх сурвалжууд нууцалж буй юм.
2007-2009 онд хамгийн багадаа тус банк руу 100 орчим сая доллар шилжүүлсэн гэх мэдээлэл байгаа юм. Үүнийг банкны байгууллагын холбогдох албаны хүмүүс баталдаг ч мөнгө шилжүүлсэн хуулбар, бусад баримтыг гаргаж өгөхөөс дургүйцэв.
Бидэнд олдсон мэдээллээр тус банкны дийлэнх хувьцааг эзэмшигч Армен “Транс” банкны үйл ажиллагаа явуулж байгаа одоогийн байрны хоёрдугаар давхрыг банкныхаа мөнгөөр худалдаж авчээ. Улмаар уг байраа Монголд байхгүй өндөр үнээр түрээслэсэн байгаа юм. Шалгаад үзэхээр банкны харилцагч, хадгаламж эзэмшигчдийн мөнгийг энд зарцуулаагүй нь тодорхой болжээ.
Харин ОХУаас дүрвэн зайлж, Кипр, бусад офшор бүсэд байгаа хүнээс Армен, А.Е.Новожилов нар руу илгээсэн мөнгө гэдэг нь гүйлгээний дансны хуулгаас харагдаж байгаа. Гэвч манай цагдаагийнхан тогтоож хараахан чадаагүй байгаа гэсэн. Манай хууль хяналтынханд уг мөнгийг хэнээс, ямар шугамаар, юунд зориулж орж ирсэн бэ гэдгийг нягтлах эрх зүйн боломж хязгаарлагдмал ч байж болох юм.
Гэхдээ манай улсаар дамжуулан хууль бус эд зүйлээр бизнес эрхлэгч гадаадын иргэд мөнгөө угаагаад гараад явах боломж бий гэж үү. Манай улсын хилээр гэмт хэрэгт сэжиглэгдэн шалгуулж байсан Армен, шүүхээр шийтгүүлэх шатандаа байсан А.Е.Новожилов нарын хүмүүс Монгол Улсын шүүхийг үл хүндэтгэн оргож байхад тэдний өмгөөлөгч эрхм үүд “Манай үйлчлүүлэгч Монголын цагдаагийн байгууллагад итгэхгүй байна. Хилээр паспортаа үзүүлээд гарсан” гэж байгаа нь хачирхалтай.
Яллах дүгнэлт авсан хүн шүүхээр хэргийнхээ үнэн зөвийг шийдвэрлүүлэхээс өмнө оргоно гэдэг юу л бол. Манайхаас өөр гэмт хэрэгт холбогдон сэжигтэн, яллагдагчаар татагдсан хүнийг батлан даасан, хилээр гаргасан хүмүүст хариуцлага тооцдог, хуулиа дээдэлдэг оронд бол ийм үг хэлээд суух нь ичгэвтэр биз.
Юутай ч Монголд мөнгө угааж, ОХУ руу гаргадаг байж болзошгүй А.Е.Новожилов, түүнийг “Транс” банкны гүйцэтгэх захирлаар томилсон Армен нар эргэж орж ирэхгүй нь тодорхой болсон.
Тиймээс цаашид манайх бизнес эрхлэгчид харийн мөнгө угаагчдыг Монголд орж ирэхээс нь өмнө сайтар судалж байх нь зүйтэй болов уу.