Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооноос нийгмийн эерэг нөлөө үзүүлсэн шилдэг төсөл шалгаруулна. Шилдэг төслийн уралдаанд багууд хүчтэй, маш хүчтэй өрсөлдөж байна. Шилдэг төслийн уралдаанд маш олон байгууллага нийгэмд үр өгөөжөө өгсөн төслийн мэдээллээ илгээжээ. Тухайлбал, “Аутизмтай хүүхдүүдийг боловсролд тэгш хамруулахыг дэмжих нь” төлийн хүрээнд “Аутизмтай хүүхдийг боловсролд тэгш хамруулах нь” сургалт, “Харандааны адал явдал”, “Одод дэмжиж байна” зэрэг нөлөөлийн аянг зохион байгуулж, Монгол Улсад анх удаа хөгжлийн бэрхшээлтэй болон аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдүүд сургуульд хамрагдах боломжтой болж холбогдох журамд өөрчлөлт оруулж чаджээ. Мөн “Чимээгүй” ертөнцийг аваръя” төслийнхөн шинээр мэндэлсэн 125 642 хүүхдийг оношилж, 268 хүүхдийг сонсголын бэрхшээлтэй болохоос урьдчилан сэргийлсэн аж. Үүнээс гадна Байгаль эн тэргүүнд” төслийн баг “Орчны бохирдлыг бууруулья”, “Цэнхэр алт”, “Ногоон дуу хоолой” "Хогоор бүү хорло”, “Ирлээ, Явлаа, Цэвэр”, “Ой модоо хамгаалья” зэрэг нөлөөллийн төслүүдийг амжилттай хэрэгжүүлж, 341 контент, 1113 мэдээлэл бэлтгэн давхардсан тоогоор 44 сая хүнд хүргэжээ. “Save angels” төслийнхөн Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Нярайн эрчимт эмчилгээний тасгийн орны хүртээмжийг гурав дахин нэмж 55 ортой тасаг болгон шинэчилж, амаржих газруудад 670 сая төгрөгийн эмчилгээний аппарат, тоног төхөөрөмж суурилуулсан гэнэ. Төсөл хэрэгжижи эхэлснээр нярайн эндэгдэл 40 хувиар буурч, дутуу төрсөн 220 хүүхдийн амийг аварсан байна. Харин “Зүрх мартахгүй” төслийнхөн зургаан тэрбум төгрөгийн өртөг бүхий мэс заслын тоног төхөөрөмж суурилуулан, 1000 гаруй хүүхдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж, зүрхний төрөлхийн гажигтай 98 хүүхдэд эх орондоо үнэ төлбөргүй хагалгаа хийжээ. Нийгэмд үр өгөөжөө өгсөн энэ мэт төслөө багууд уралдаанд илгээсээр байгаа аж. Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооноос “Тогтвортой хөгжлийн зорилтууд”, Монгол Улсын хөгжлийг тодорхойлж байгаа “Алсын хараа-2050” зорилтуудын биелэлтүүдийг дэмжихэд хувь нэмрээ оруулах шилдэг таван төслийг шалгаруулна.