УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны гишүүд 2020 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлаа тайлагналаа. Тус байнгын хорооны хувьд Музейн тухай хуулийг намрын чуулганаар батлуулсан. “Монгол Улсад орчин цагийн музей 1924 онд байгуулагдсан. Түүнээс хойш музейн үйл ажиллагааг Соёлын тухай болон Соёлын өвийг хамгаалах тухай хуулиар ерөнхийлөн зохицуулж ирсэн. Бие даасан хуультай болсноор соёлын үнэт зүйлсийг хадгалж, хамгаалах, сурталчлах үйл ажиллагааны цар хүрээ, үйлчилгээний чанар, хүртээмж сайжран, музейн нийгэм, эдийн засгийн үр өгөөж нэмэгдэнэ. Монгол Улс түүхэндээ анх удаа Музейн тухай хуультай болсон нь чухал алхам” гэж тус байнгын хорооны дарга Ж.Мөнхбат хэлэв. Музейн тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийг тус байнгын хорооноос байгуулж, гол хэлэлцүүлгийг хийсэн юм.
Тус хуулиар музейн үзмэртэй шууд харьцаж ажилладаг албан хаагчид нэг жилийн үндсэн цалингийн хэмжээтэй тэнцэх урамшууллыг найман жил тутамд авах боломж бүрдсэн. Мөн музейг хүүхдэд үнэ төлбөргүй үзүүлэхээр хуульчилсан. Музей бол нийгмийн хөгжилд манлайлах үүрэг гүйцэтгэдэг, тэр тусмаа хүүхдийн хөгжилд онцгой үүрэг гүйцэтгэдэг. Монгол Улсын хөгжлийн бодлого төлөвлөлтийн олон баримт бичигт хүүхдийг эх оронч, үндэсний ухамсартай, хүмүүнлэг иргэн болгож хүмүүжүүлэх зорилтыг тусгасан. Эл зорилтыг хэрэгжүүлэхэд Музейн тухай хуулийн дээрх заалт тодорхой хувь нэмэр оруулна гэж хууль тогтоогчид үзэж буй аж. Музейн үйл ажиллагаа эрхэлдэг хувийн хэвшлийнхэнд 16 хүртэлх насны хүүхдэд үнэгүй үйлчилсэн хэмжээгээр нь хувьсах зардал олгох гэх мэтийн заалт уг хуульд бий.
Түүнчлэн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны гишүүд Соёлын тухай багц хууль болон Кино урлагийн тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа. Мөн ерөнхий боловсролын сургуулиудыг боловсон ариун цэврийн өрөөтэй болгох төслийг тус байнгын хорооны гишүүд эхлүүлээд буй.
Бэлтгэсэн: А.Амина