Говь-Алтай аймгийн Засаг даргын орлогч Х.Энхбаяр уг албан тушаалд очихоосоо өмнө Есөнбулаг сумын гуравдугаар сургуулийн захирлаар ажиллаж байсан аж. 2008 оны орон нутгийн сонгуулиар аймгийн Ардчилсан нам Иргэдийн төлөөлөгчдийн хуралд 10 гаруй суудал авч үнэмлэхүй амжилт үзүүлсэн тул Ардчилсан намын дарга Х.Энхбаяр аймгийн Засаг даргын орлогч хэмээх албан тушаалд очсон аж.
Гэвч тэрбээр Есөнбулаг сумын гуравдугаар сургуулийн захирлаар ажиллаж байхдаа багшаар ажилд орох гэсэн 2-3 иргэнээс авлига авсан асуудал нь илэрч, АТГ-аас түүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан байна. Мөрдөн байцаалтын явцад Х.Энхбаяр нь хээл хахууль авсан нь хангалттай нотлогдож, тус аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн. Гэвч шүүх үндэслэлгүй шийдвэр гаргасан тул прокурорын эсэргүүцлээр дахин хэлэлцэж нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан аж.
Тус аймгийн Прокурорын газрын орлогч прокурор Эрдэнэбат Х.Энхбаярт холбогдох эрүү- гийн хэргийг хуулийн дагуу үнэн зөвөөр шийдвэрлүүлэхээр шүүхийн шийдвэрт эсэргүүцэл бичих, шүүхийн харьяаллыг өөрчлүүлэх зэрэг эрх, үүргээ хэрэгжүүлэн идэвхтэй ажиллаж байснаа саяхан түүнийг яллахаас татгалзсан байна. Төрийн нэрийн өмнөөс шүүх хуралд оролцох үүрэгтэй улсын яллагч ямар шалтгаанаар гэнэт үүргээ биелүүлэхээс татгалзсан нь тодорхойгүй. Прокурор яллахаас татгалзсан тохиолдол ганц энэ биш. УИХ-ын гишүүн С.Эрдэнэд холбогдох хэрэгт хяналт тавьж байсан прокурор Д.Бадрал түүнийг яллахаас татгалзаж, улмаар түүнийг прокурорын байгууллагын удирдлага ажлаас нь халсан билээ.