“Нийслэлийн гэрэлтүүлгийг сайжруулах замаар иргэдийн амьдрах эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх нь” сэдэвтэй нээлттэй хэлэлцүүлэг зөвлөлгөөн өчигдөр МҮХАҮТ-д боллоо. Уг зөвлөлгөөнийг Нийслэлийн цагдаагийн газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, МҮХАҮТ хамтран зохион байгуулж “Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллага, орон сууцны хорооллын дунд байрлалтай томоохон аж ахуйн нэгж, худалдааны төвүүдийн гэрэлтүүлэг боломжийн түвшинд байна гэж хэлж болох ч гэр хороолол, захын хороодоор гэрэлтүүлэг хангалтгүй” гэж дүгнэлээ.
Энэ оны эхний 11 сарын байдлаар нийслэлд гарсан 10 мянга орчим гэмт хэргийн 5600 буюу 60 орчим хувь нь шөнө оройн цагаар, 20.00-06.00 цагийн хооронд үйлдэгдсэнийг судалгаагаар тогтоожээ. Тиймээс иргэдийнхээ эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгийг гаднын гэмт халдлагаас хамгаалахад гэрэлтүүлэг, камержуулалт маш чухал байгааг онцолсон. Нөгөө талаар нийслэлийн бүс нутгийг камержуулж, гэрэлтүүлгийн хамрах хүрээг өргөтгөж, чанарыг сайжруулах нь эдүгээ нийслэлд гарч байгаа гэмт хэргийг багагүй хэмжээнд бууруулж, гэмт халдлагад өртөж хохирч байгаа иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж чадах юм.
Тиймээс гэмт хэрэг, түүний дотор гудамж талбай, олон нийтийн газар үйлдэгдэж байгаа гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг төлөвлөж, гэмт хэрэг гарахад нөлөөлж байгаа шалтгаан нөхцөлийг арилгахад чиглэсэн цогц бодлого хэрэгжүүлэх цаг болсон гэж зөвлөлгөөнд оролцогчид дүгнэжээ. Энэхүү цогц арга хэмжээний нэг хэсэг нь гэрэлтүүлэг, хяналтын камер, дохиолол хамгаалалтын систем гэнэ.
Г.РАВЖАА