15 настай охиныг найз залуутайгаа хардан, боож амь насыг нь хөнөөсөн Ө.Хэрлэнчимэгийн гэх хэрэг өдгөө хоёр дахь жилдээ шүүхээр эцэслэн шийдэгдээгүй үргэлжилсээр байна.
Харин өнөөдөр MN мэдээллийн төвд Ө.Хэрлэнчимэгийн найз залуу Ж.Очбадрахын аав Ц.Жаргалсайхан, ээж М.Майцэцэг нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Тэд хэлэхдээ: “Бидний хүүхэд Ж.Очбадрах, Ж.Очмандах нар ямар ч буруугүй атлаа хилс хэрэгт гүтгэгдлээ.
Хэрэг гардаг 2008 оны 07-р сарын 18-ны өдөр том хүү Ж.Очбадрах найз охин Ө.Хэрлэнчимэгийнхээ хамт Дамбадаржаад байдаг эмээгийндээ байсан. Харин бага хүү Ж.Очмандах маань тэр шөнө гэртээ ээжийнхээ өвөрт унтсан. Хүүхдүүд маань онц сурдаг, өчнөөн олон одон медальтай. Яав ч тийм хэрэг үйлдэхээр хүүхдүүд биш.
Гэрч Сарантуяа гэгч охин олон удаа буруу, зөрүү, ташаа мэдүүлэг өгсөөр байна. Тэр охиныг хүүхдүүд маань танихгүй.
Мөрдөн байцаалт зөвхөн нэг талыг баримталж, талийгаачийн аав Гончигийн талд үйлчилсээр байна. Бид компанийн захирал Гончиг шиг их мөнгөтэй хүмүүс биш ээ.
Мөрдөн байцаагчид шударга бус байна. Шүүхээр шийдвэрлээгүй байгаа цагт хүүхдүүдийг маань гэмт хэрэгтэн гэж хэлж болохгүй.
Тиймээс бид хүүхдүүдээ хэлс хэрэгт гүтгэгдэж байгааг эсэргүүцэн тэмцлийн эхний хэлбэрээ хийж байна” хэмээн ээж М.Майцэцэг нь сэтгүүлчдийн өмнө үсээ хусууллаа. Хэрэв цаашид ч мөрдөн байцаагчид нэг талыг баримталж, хүүхдүүдийг нь хэлс хэрэгт гүтгэсээр байвал нэг хуруугаа таслана. Бүр цаашлаад зулын гол болоход ч бэлэн байна гэлээ.
Харин “Хэрлэнчимэгийг хувь хүн талаас нь юу гэж дүгнэдэг вэ” гэсэн сэтгүүлчийн асуултад М.Майцэцэг “хоол сайн хийдэг, цэвэрч нямбай, ажилсаг охин” гэлээ.
Дашрамд дурьдахад Ө.Хэрлэнчимэг энэ сарын 13-аас эхлэн хуурай өлсгөлөн зарлаад байгаа ажээ.
Б.Энх-Уянга