Нийслэлийн Баянгол дүүргийн нэгдүгээр хороо, “БогдАр” хороололд амьдардаг БНХАУын гурван иргэнийг уржигдар орой зэвсэглэсэн хүмүүс дээрэмджээ. Тус хорооллын 1А байранд түр оршин суудаг Жан Шиян Лин, Чэн Рэн Тао, Жа Чо Чун нарыг 19.30 цагийн үед гэртээ байхад нь хаалгыг нь тогшжээ. Хаалгаа нээтэл нүүрэндээ баг өмссөн хоёр залуу гар буу, хутга тулган 38 мянган юань, 800 мянган төгрөг, гар утсыг нь дээрэмдэж, зодсон гэнэ.
Энэ талаар Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсийн ажилтнаас тодруулахад “Гурван хятад иргэн зодуулж дээрэмдүүллээ гэсэн мэдээллийг бид шалгаж байна. Одоогоор эзэн холбогдогч нь тогтоогдоогүй учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Хятадуудын тайлбарлаж буйгаар толгойдоо хар ноосон малгайг нүд, хамарныхаа орчимд цоолж өмссөн 168-170 см өндөртэй, 25- 30 орчим насны залуус байсан гэсэн. Тэднийг зодсон гэж байгаа ч биед нь шарх сорви үлдээгүй. Бичиг баримтын зөрчилгүй юм билээ” гэв.
“Богд-Ар” хорооллын 1А байранд очиход орцны жижүүр эмэгтэй “Би энэ байранд жижүүрээр ирээд удаагүй байна. Энд амьдардаг хятадууд хэзээ ирснийг мэдэхгүй. Хятадуудыг дээрэмдсэнийг мэдээгүй байтал гэнэт цагдаа нар ирж сүйд болохоор нь ийм явдал болсныг мэдсэн. Сэжигтэй хүмүүс гарч орж байгааг хараагүй” гэж ярив. Хэрэг гарсан газрын хажуугийн айлын хаалгыг цохивол нэгэн настайвтар эмэгтэй болгоомжилсон аястай үүдээ нээлээ. Тэрбээр “Өөдөөс харсан хаалганд амьдардаг хятадуудыг дээрэмдсэн хэрэг өчигдөр гарсан болохоор айгаад байна.
Би өчигдөр 21.00 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн юм. Гэтэл энд зөндөө хүмүүс цуглачихсан байсан. Юун хүмүүс болохыг нь асуухад эрүүгийн цагдаагийнхан, энгийн хувцастай хүмүүс байна лээ. Нэг нь манайд орж ирээд эднийд орж гардаг ямар хүмүүс байдаг талаар асууж, дээрмийн хэрэг гарсан талаар хэлсэн. Энд байдаг гурван хятад саяхнаас ирж суусан. Өмнө нь нэг өвөрмонгол эмэгтэй байснаа нутаг буцсан бололтой.
Энэ хүмүүс өнгөрсөн сарын эхнээс хөлсөөр сууж байгаа юм билээ. Саяхан энэ хүмүүс гаднаас орж ирж байсан даа” гээд хаалгыг нь тогшив. Хажуу айлын чинь хүн байна гэхэд монголоор ярьдаг нэг хятад залуу үүдээ нээлээ. Түүнд ирсэн учраа хэлбэл дотогш орууллаа. Уг байранд БНХАУ-ын дөрвөн иргэн үдийн хоолоо идэхээр сууж байв. Арай ахимаг настай нь “Бид уул уурхайн чиглэлээр газар авах гэж судалгаа хийхээр ирсэн хүмүүс.
Энд болсон явдлын талаар цагдаагийн байгууллагаас тодруулсан нь дээр байх. Хоёр залуу орж ирээд бидэнд буу тулган дээрэмдсэн нь үнэн. Улмаар биднийг шанаадаж, өшигл өсөн” гээд өөр зүйл ярьсангүй. Дугаар шилжих мөчид цагдаагийнхантай холбогдоход “Бид хэргийг шалгаж байна. Одоогоор эзэн холбогдогч нь тогтоогдоогүй байгаа” гэлээ.
Г.РАВЖАА