МИАТ ХК-ийг 1.8 тэрбум төгрөгийн алдагдалд оруулахад “гавьяа” байгуулсан “Сод Монгол” компанийн захирал Д.Анандбазарыг АТГ-т дуудаж магадгүй боллоо. УИХ-ын Төсвийн байнгын хорооны захиалгаар Үндэсний аудитын газраас МИАТ компанид нийлүүлж буй шатах тослох материалын тендер шалгаруулалтын үр дүн, түүнээс үүдэлтэй нөлөөнд шалгалт хийж, дүнг нь саяхан тус Байнгын хорооны хуралдаанд танилцуулсан.
Аудитын дүгнэлтээр “Сод Монгол” компани нь онгоцны түлшийг дэлхийн зах зээлийн үнээс өндөр ханшаар МИАТ ХК-д шахаж байсан нь тогтоогдож, 1.8 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэж үзсэн. Энэ асуудлыг шалгаж, холбогдох арга хэмжээ авна уу хэмээн УИХ-ын гишүүн Я.Батсуурь АТГ-т хандаад байгаа сурагтай. Тэгэхээр МИАТ-ийг 2008-2010 онд удирдаж байсан хүмүүс болон Д.Анандбазарыг АТГ-т дуудах нь зайлшгүй боллоо.