Бага насны, тэр дундаа охид мансуурч байсан гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Баянгол дүүргийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Пикассо” зочид буудалд өнгөрсөн ням гаригт 15-16 настай гурван охин мансуурсныг цагдаагийнхан саатуулагджээ. Энэ талаар тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн ажилтнаас тодруулахад “Орхон аймгаас ирж уг зочид буудлын нэгэн өрөөнд байрласан 15 настай Л, 16 настай Ч, М нар мансуурсан байдалтай байсныг дуудлагаар очсон цагдаагийн ажилтнууд саатууллаа.
Буудлын хүлээн авагч, үйлчлэгч нар уг мэдээллийг өгсний дагуу эргүүлийн цагдаа нарыг очиход “Бэлэн гоймон идээд ийм болчихлоо” гэж тайлбарласан. Мансууруулах үйлчилгээтэй ямар нэг бодис олдоогүй. Биед нь хийсэн үзлэгээр Л нь эрүүндээ зүсэгдсэн байсан” гэв.
Уг хэргийг Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгаж байгаа бөгөөд тэдний идсэн бэлэн гоймонгийн үлдэгдэл зэргийг Гаалийн болон МХЕГ-ын Төв лабораторид шинжлүүлэхээр өгөөд байгаа аж. Шинжилгээний хариу гарсны дараа УМБГ-ын Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэг мөрдөх тасагт шилжүүлэх эсэхээ шийдвэрлэх юм байна.
Г.РАВЖАА