Хэнтий аймгийн харьяат гурван хүнийг тэсрэх бодис авч явсан болон хулгайн хэрэгт сэжиглэн ЭЦГ-т шалгаж байна. Тэд өнгөрсөн долоо хоногт Сайншанд-Улаанбаатарын чиглэлийн галт тэргээр их хэмжээний тэсрэх бодис авч явж нийслэл рүү оруулах гэж байсан талаар цагдаагийн эх сурвалж мэдээллээ. Уг хэргийг өдгөө Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа юм.
Тус хэлтсийн мөрдөн байцаагч “Хэнтий аймгийн харьяат Цогт, Цэцэгсүрэн, Нармандах нар зах зээлийн ханшаар хоёр сая гаруй төгрөгөөр үнэлэгдэх, уул уурхайн зориулалттай тэсэрч дэлбэрэх бодис суудлын галт тэргэнд авч явсныг илрүүлсэн. Тэсрэх бодисоо Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэрээс авсан гэж тайлбарлаж байгаа. Тэсэрч дэлбэрэх бодис худалдах, хэрэглэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллагууд энэ төрлийн бодисын хадгалалт, харуул хамгаалалт, дотоод хяналтаа сайжруулах хэрэгтэй байна” гэв.
Мөрдөн байцаалтын явцад уг хэмжээний тэсрэх бодис тус уурхайгаас хулгайд алдагдсан нь тогтоогджээ. Харин дээрх хүмүүс “Гар аргаар ашигт малтмал олборлогч болон зарим жижиг уурхайнханд худалдах гэж байсан” хэмээн тайлбарлаж байгаа юм. Тус уурхайд ажилладаг эх сурвалжаас авсан мэдээллээр уг хэрэгт холбогдсон гурван хүний нэг нь Монголросцветмет нэгдлийн харьяа Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэрт ээлжийн ажилчин гэнэ.
Ээлжтэй өдрөө уг бодисыг хулгайлсан гэдгийг тогтоогоод байгаа юм байна. Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэрээс алдагдсан тэсрэх бодис нь “Амонит 6Ж” маркийнх аж. Нэг бүрийн үнэ нь 1800 төгрөг, хайрцагтаа 100 ширхэг байдаг. Уг бодистой хамт иш, гал өдөөгч, цахилгаан дамжуулагч гээд дагалдах бүх хэрэгсэл нь байжээ.
Г.РАВЖАА