Дорнод аймгийн Хэрлэн сумын нутагт байрлах Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн удирдлага, дарга нар нууцаар гахай тэжээсэн гэнэ. Тэдгээр гахайны нэг нь үхсэн гэх мэдээлэл ирэв.
Нууцаар гэсний учир 2019 онд тус ангийнхны тэжээж байсан 16 гахай африкийн гахайн мялзан өвчнөөр өвчилж устгалд оруулсан аж. Тухайн үед тус ангийнханд гахай дахин тэжээхгүй байх шаардлага өгсөн байна. Гэвч тус ангийнхан шаардлага биелүүлэлгүй, нууцаар тэжээсэн гахай нь өвчилсөн бололтой.
Тодруулбал, энэ сарын 26-ны өдөр 12 гахай тэжээж байсны нэг нь халдварт өвчнөөр өвчилж үхсэн гэнэ. Тус анги гахайгаа хоолныхоо үлдэгдлээр хооллодог байсан байж болзошгүйг эх сурвалж хэлэв. Хэрлэн сумын Онцгой комисс өчигдөр хуралдаж үлдсэн 11 гахайг өнөөдөр устгахаар болжээ. Үхсэн гахайнаас дээж аван, шинжилгээ хийж байгаа бөгөөд мялзан өвчин байх магадлал өндөр байна. Сумын малын эмч дээрх гахайг бохироос үүдэлтэйгээр үхсэн хэмээн дүгнэжээ. Тус ангийнхан 12 гахайгаа мал амьтаны тооллогод оруулаагүйн дээр багийн дарга нь ч тус ангийг гахай тэжээж байсныг мэдээгүй гэнэ. Бүр тус ангийн малын эмч ч энэ талаар огт мэдээгүй байснаа хэлжээ.