Арван ембүү харахаараа
Алгаа тосдог аав уу даа
Албан тушаал харахаараа
Амь ордог гишүүд үү дээ
Ардын дууны үгийг ингээд өөрчилчихмөөр үйл явдал энэ долоо хоногт боллоо. У.Хүрэлсүхийн Засгийн газар огцорч, Л.Оюун-Эрдэнэ шинэ танхим бүрдүүлэх болсон сургаар МАН-аас нэр дэвшин УИХ-д сонгогдсон эмэгтэй гишүүд амь орж, ам хэлээ хурцалж эхлэв. Тэд Засгийн газрын бүрэлдэхүүний 30-аас доошгүй хувь нь эмэгтэй хүн байх ёстой гэсэн албан бичгийг МАН-ын дарга У.Хүрэлсүх, ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нарт хүргүүлсэн. Өөрөөр хэлбэл, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт таваас доошгүй эмэгтэй сайд ажиллуулахыг намынхаа удирдлагаас хүслээ.
Эмэгтэй хүн, эх хүн л яс махаараа мэдэрч, эмзэглэх ийм асуудалд ингэж хандсан хэрнээ сайдын суудал онгойхоор эм хүйсээрээ түрээ барин, албан бичиг шидэж суугааг нь дуугүй харах, жендэрийн мэдрэмжтэй хүн болох гэж тэднийг хөөргөх хүсэл даанч төрөхгүй нь.
МАН-ын эмэгтэй гишүүд уг албан бичигтээ “Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдсэнээр Монгол Улсын хэмжээнд тулгамдаад буй ядуурал, эрүүл мэнд, боловсрол, байгаль экологи, гэр бүлийн хүчирхийлэл, эмэгтэйчүүдийн эрх, хүүхдийн эрх, хүүхдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл боломж зэрэг олон асуудалд шинээр байгуулагдах Засгийн газрын бодлогыг чиглүүлж, хүний эрх, жендэрийн тэгш байдлын мэдрэмжтэй бодлого, шийдвэр гаргахад чухал нөлөөтэй. Мөн улс төрийн тогтвортой байдал бий болгох, улс төрийн намуудын төлөвшлийг сайжруулах, улс төрийн шинэ жишиг, шинэ соёлыг бүрдүүлэх, улмаар хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг дээдэлсэн, хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлоон байгуулахад онцгой ач холбогдолтой” гэж дурдсан.
Улс төр дэх жендэрийн тэгш байдлыг хангах Мянганы хөгжлийн зорилтдоо олигтой ахиц гаргаж чадахгүй байгаа монголчуудын хувьд энэ бол дэмжүүштэй, татгалзах аргагүй санал. Гэвч тэдний энэ үйлдэлд дургүйцлээ илэрхийлэх шалтгаан байна. Үүнийхээ төлөө жендэрийн мэдрэмжгүйгээрээ дуудуулбал ч дуудуулаг.
Хот орж эмнэлэг бараадна гээд нутгаасаа гарсан идэрхэн эмэгтэй 22-ын товчоонд шөнөжин хоригдож, өвчиндөө шаналан тарчилсаар амьсгал хураахад, арван настай охин ундаа нэхэж, ээжийгээ дуудсаар эмнэлгийн өрөөнд эмчилгээ авч чадалгүй хорвоогоос буцахад хууль тогтоох, шийдвэр гаргах түвшинд ажиллаж буй эмэгтэйчүүд хариуцлага нэхэж, харамсал илэрхийлж ганц үг ганхийгээгүй.
Монголчуудын жендэрийн тухай ойлголт, эмэгтэйчүүдийг шийдвэр гаргах түвшинд хүлээж авах хандлага сүүлийн жилүүдэд чамлахааргүй өөрчлөгдсөн. “Эмэгтэйчүүд улс төрийг ёс зүйтэй болгодог. Хүний эрхийг жинхэнэ ёсоор нь хэрэгжүүлэхэд, хамгаалахад эмэгтэй улстөрчдийн дуу хоолой хамгаас чухал. Эмэгтэй гишүүд олонтой орны парламентад авлига, хээл хахууль багасан, нийгмийн асуудал сайжирч, үр дүнд нь улс орон хөгждөг. Орхигдож гээгдсэн нийгмийн асуудлуудад тэд анхаардаг. Хүн амын тэн хагасаас илүү хувийг бүсгүйчүүд эзэлдэг тул тэдний оролцоо шийдвэр гаргах түвшинд ч мөн ийм хэмжээтэй байх ёстой. Өөрсдийнх нь оролцоогүйгээр эмэгтэйчүүдийн асуудал шийдэгдэхгүй. Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд ажилласнаар хүнээ хайрлаж хамгаалах, хүний үнэ цэнийг өсгөх, хувь хүнийг хөгжүүлэх бодлого нэмэгдэнэ. Тэдэнд байгаа асар их нөөцийг улс орны хөгжил дэвшилд дайчлахгүй байна”. Энэ мэтийн ухуулга сурталчилгааг эергээр хүлээн авч, эмэгтэйчүүд нийгмийн бүх шатанд оролцоотой байх, шийдвэр гаргах, бодлого боловсруулах түвшинд илүү олноороо ажиллах ёстой гэсэн лоозонг дэмждэг.
Наад зах нь жирэмсэн ээжүүд эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахын тулд ямар олон хүндрэл бэрхшээл туулж байгааг анзаарах хүн алга. Хүүхдүүдийн сурч боловсрох, иргэдийн зорчих, амь нас, эрүүл мэндээ хамгаалуулах эрх бүх газарт, бүх шатанд зөрчигдөж буй. Энэ бүхэнд шийдвэр гаргахад эмэгтэй гишүүд нөлөөлж чаддаггүй юм гэхэд асуудал хөндөж дуугараагүй өдий хүрсэн нь даанч гомдмоор.
Тийм ч учраас сонгуулиас сонгуульд хууль тогтоох байгууллагад ажиллах эмэгтэй гишүүдийн тоо өсөж буй. 1992 онд болсон УИХ-ын анхны сонгуулиар гурван эмэгтэй гишүүн хууль тогтоох байгууллагад орж ирж байж. Үүнээс хойш 1996 онд долоо, 2000 онд найм, 2004 онд тав, 2008 онд гурав, 2012 онд 11, 2016 онд 13 эмэгтэй гишүүн сонгогдож байв. 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулиар мөн 13 эмэгтэй гишүүн сонгогдон ажиллаж буй. 2016 онд Сонгуулийн тухай хуульд заасан 20 хувийн квотоор нэг намаас нэр дэвшсэн 16 эмэгтэйн 12 нь сонгогдсон нь түүхэн дээд амжилт болсон. Өнөөгийн парламентад энэ үзүүлэлт хэвээр шахам хадгалагдаж, МАН-ын 11, АН-ын хоёр эмэгтэй гишүүн сонгогдсон. Монголчуудын сэтгэхүйд бат бөх суусан жендэрийн хэвшмэл хандлага нэг үеэ бодвол “гэсэж” буйг сүүлийн хоёр, гурван парламентын эмэгтэй гишүүдийн тоо илэрхийлж буй.
Харин шийдвэр гаргах түвшинд ажиллаж байгаа эмэгтэйчүүд олон зууны турш тогтсон хандлагыг өөрчилж, эмэгтэйчүүд эрчүүдээс дутуугүйг үг хэл, үйл хэргээрээ батлах хариуцлагатай үүрэг хүлээснээ мартаж орхидог нь харамсалтай. Тэдний олонх нь албан тушаал горилохоороо “Хүн амын 51 хувийн төлөөлөл” хэмээн хүйсээрээ түрээ барьж, жендэрийн тэгш байдал ярих хэрнээ ажил хийхээрээ үүнийгээ мартдаг.
Хамгийн ойрын бөгөөд тод жишээ болгон дурдаж буй энэ парламентын эмэгтэй гишүүд намын даргадаа хаягласан албан бичгээр шууд бус утгаараа сайдын суудал нэхсэн. Тэгвэл тэд албан бичигтээ дурдсан шигээ ядуурал, эрүүл мэнд, боловсрол, байгаль экологи, гэр бүлийн хүчирхийлэл, эмэгтэйчүүдийн, хүүхдийн эрх, хүүхдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн юу хийсэн бэ. Улс төрийн шинэ жишиг, шинэ соёл бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг дээдэлсэн, хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгмийг цогцлоон байгуулахад ямар үүрэг гүйцэтгэв. Ингэж асуувал энэ гээд хэлчих зүйл даанч үгүй.
Харин ч чухам л эмэгтэй хүний өрөвч нинжин сэтгэл, нарийн торгон мэдрэмж шаардсан сэтгэл шимшрүүлэм олон үйл явдлын хажуугаар тэд хар амиа хаацайлж, нүдээ анин өнгөрсөн. Хот орж эмнэлэг бараадна гээд нутгаасаа гарсан идэрхэн эмэгтэй 22-ын товчоонд шөнөжин хоригдож, өвчиндөө шаналан тарчилсаар амьсгал хураахад, арван настай охин ундаа нэхэж, ээжийгээ дуудсаар эмнэлгийн өрөөнд эмчилгээ авч чадалгүй хорвоогоос буцахад хууль тогтоох, шийдвэр гаргах түвшинд ажиллаж буй эмэгтэйчүүд хариуцлага нэхэж, харамсал илэрхийлж ганц үг ганхийгээгүй. Гэр бүл, эх орноо санаж бэтгэрсээр хилийн чанадад хэчнээн хүн нас эцэслэв. Цар тахлын үеийн онцгой дэглэм нэрийн дор, төрийн байгууллагынхны хайхрамжгүй, хариуцлагагүй, сэтгэлгүйн улмаас өнөөдөр ч маш олон хүний эрх зөрчигдсөөр байгаа. Наад зах нь жирэмсэн ээжүүд эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахын тулд ямар олон хүндрэл бэрхшээл туулж байгааг анзаарах хүн алга. Хүүхдүүдийн сурч боловсрох, иргэдийн зорчих, амь нас, эрүүл мэндээ хамгаалуулах эрх бүх газарт, бүх шатанд зөрчигдөж буй. Энэ бүхэнд шийдвэр гаргахад эмэгтэй гишүүд нөлөөлж чаддаггүй юм гэхэд асуудал хөндөж дуугараагүй өдий хүрсэн нь даанч гомдмоор.
Эмэгтэй хүн, эх хүн л яс махаараа мэдэрч, эмзэглэх ийм асуудалд ингэж хандсан хэрнээ сайдын суудал онгойхоор эм хүйсээрээ түрээ барин, албан бичиг шидэж суугааг нь дуугүй харах, жендэрийн мэдрэмжтэй хүн болох гэж тэднийг хөөргөх хүсэл даанч төрөхгүй нь. Эмэгтэйчүүдэд боломж олгох квотод хамрагдаж, хүн амын 51 хувийн төлөөлөл болж ажиллана гэж сонгогдчихоод яг өөрийнх нь дуу хоолой хэрэгтэй асуудлууд дээр биеэ нөөж, хөшигний ард нуугддаг, албан тушаал хуваарилах болохоор бүсгүйчүүдийн нэрийг бариад гарч ирдэг байдлаар жендэрийн тэгш эрхийг хангана ч гэж юу байх вэ.
Уг нь бүсгүйчүүд хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалд хэр үр дүнтэй, манлайлж ажиллахаас эмэгтэйчүүдийн улс төр дэх оролцоо цаашид нэмэгдэх, эсэх нь шууд хамаарах билээ. Бэхжиж, тогтож амжаагүй, зөв зүг рүүгээ чадан ядан тэмүүлж яваа нийгмийн хандлагыг хааш нь эргүүлэх нь энэ жилүүдэд хууль тогтоох, шийдвэр гаргах түвшинд сонгогдон ажиллаж буй эмэгтэй гишүүдээс ихээхэн шалтгаална.
Сонгогчдод сонголт нь буруу байгаагүйг харуулах, эмэгтэйчүүд эрчүүдээс дутуу бишийг, төр түшилцэж, хууль тогтоолцож, шийдвэр гаргахад оролцож, нөлөөлж чаддагийг харуулах үүрэг тэдэнд автоматаар ногдсон. Тиймээс болохгүй асуудалд санал шүүмжлэлээ хэлж, засаж сайжруулахын оронд биеэ нөөж, нуугдасхийгээд, албан тушаал хуваах болоход гарч ирдэг бэртэгчний дүрээр бус, хариуцлагатай, ажил хэрэгч манлайлагчийн дүрээр монгол эмэгтэйчүүдийг харуулаадахаач, эрхэм гишүүд минь.