УИХ-ын чуулганы хуралдаанаар оны өмнө Засгийн газраас өргөн мэдүүлсэн Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг эцэслэн баталсан. Төрийн албаны тухай хуулиар, УИХ-ын шийдвэрээр удирдлагыг нь томилдог байгууллагын дэд даргыг тухайн байгууллагын дарга томилж ирсэн. Гэтэл Авлигатай тэмцэх газрын дэд даргыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор УИХ-аас зургаан жилийн хугацаагаар томилохоор төсөлд заасан. Хуулийн төслийг чуулганаар хэлэлцэх явцад төслийн нэгдүгээр зүйл буюу хуулийн 21.1, 21.2 дахь хэсгийг “21.1. Авлигатай тэмцэх газрын даргыг Ерөнхий сайдын санал болгосноор УИХ томилгооны сонсгол хийж зургаан жилийн хугацаагаар томилно”, “21.2. Авлигатай тэмцэх газар дэд даргатай байна. Дэд даргыг Авлигатай тэмцэх газрын даргын санал болгосноор УИХ томилгооны сонсгол хийж зургаан жилийн хугацаагаар томилно” гэж өөрчлөн найруулахыг дэмжсэн. Харин Ерөнхийлөгч Х.Баттулга уг хуулийн төслийг дээрх заалтыг эсэргүүцэж, хуульд хэсэгчилсэн хориг тавьсан. УИХ дахь Хууль зүйн байнгын уг хоригийг хүлээж аваагүй. Өнөөдөр УИХ-ын чуулганаар уг асуудлыг дахин хэлэлцэж байнгын хороо зөв шийдвэр гаргасан хэмээн үзэж, Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээж авахаас мөн татгалзлаа. УИХ-ын чуулганд 63 гишүүн оролцсоноос 53 нь хоригийг хүлээж аваагүй байна.