Хүний хувь тавиланг олж төрөх нь ховорхон заяа төөрөг гэдэг. Гэтэл бидний цөөнгүй нь ухамсартайгаар амьдарч чадалгүй насыг бардаг нь харамсалтай. Олонх нь урсгал дагаж амьдарч байхад цөөн хэд нь сөрж зогсдог. Ингэж чадсан нь л амжилтад хүрдэг байх. Тэдний нэг бол Төмөрбарсын Долгорсүрэн. Тэрбээр эхээс эрүүл саруул мэндэлсэн ч найман настайдаа бөөрний хурц үрэвслээр өвдөж, өндөр халуурсан учир тухайн үед хэрэглэдэг байсан улаан тариаг өндөр тунгаар хийлгэсний улмаас сонсголоо алджээ. Т.Долгорсүрэн гэх эмэгтэй өдгөө 40 насны босго шүргэж яваа жирийн л нэг эх хүн, бас сонсголгүй иргэдийн төлөөлөл юм. Хэдийгээр тэр олны танил биш ч амьдралын түмэн өнгөнөөс өөрийнхийг олж, дотоод ертөнцөө таньсан эгэл нэгэн. Гэхдээ түүнээс сурах зүйл өчнөөн. Бага насандаа сонсголоо алдсан ч итгэл найдвараа гээлгүй бичиг үсэг сурч, их сургууль төгссөн нэгэн. Ингэсний хүчээр хэлэх зүйлээ цаасан дээр алдаа мадаггүй, цэвэр сайхан бичиж, дохионы хэл мэдэхгүй хүмүүстэй дорхноо ойлголцчихно. Үргэлж эрч хүчээр дүүрэн, инээмсэглэж явдаг түүнээс “Таныг хурцалдаг зүйл юу вэ” гэж хамгийн эхэнд асуулаа. Тэрбээр “Би урсгал дагахаас илүү сөрж амьдрах дуртай. Хийж бүтээе гэсэн хүсэл тэмүүлэл минь намайг хурцалдаг. Хүчтэй нь ялдаг гэсэн үзлийг багаасаа л өөртөө суулгачихсан болохоор эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэгт итгэдэг. Энэ үзлээсээ болоод ч тэр үү бууж өгөх дургүй. Хэн нэгнээс үлгэр дуурайл авах гэхээсээ илүүтэй өөрийнхөө хамгийн сайн хувилбар байхыг хичээдэг. Өөрийнхөө ертөнцөд өөрөөрөө амьдарч, үзэл бодол, үнэт зүйлдээ тууштай байж, зорьсондоо хүрэх нь чухал” хэмээсэн юм.
Найман нас хүртлээ ертөнцийн дуу чимээг анирдаж өссөн түүнээс нэг л өдөр шувуудын жиргээ, гол усны шуугиан алсран одно хэмээн яахан мэдэх билээ. Эцэг, эхийн хайранд бөмбөрч өссөн болохоор сонсголоо алдсан тэр үе нь түүнд тийм ч хэцүү санагддаггүй байж. Өдөр хоног өнгөрөхийн хэрээр бие дааж нийгмийн харилцаанд орох үеэс л “жинхэнэ” бэрхшээлтэй нүүр тулсан гэдэг. Сонсголгүйгээсээ болж бусдад гадуурхагдаж, шоглуулах үе бишгүй.
Тэрбээр хүүхэд насаа Дорнод аймгийн Баянтүмэн сумд өнгөрүүлжээ. Зун Хэрлэн голын хөвөөнд тоглон, хонь, ямаа хариулж, өвөл аймгийн төвд сургууль соёлын мөр хөөнө. Эхээс гурвуулаа, айлын бага нь учир эрх танхи өсжээ. Бэрхшээлийг давуу тал болгон эергээр харвал сонсголоо алдсан нь түүнийг хэрсүү, зоримог болгосон гэнэ.
НИЙГЭМ ТҮҮНД МЭРГЭЖЛЭЭРЭЭ АЖИЛЛАХ БОЛОМЖ ОЛГОСОНГҮЙ
Т.Долгорсүрэн 1990 онд Дорнод аймгийн Хэрлэн сумын ерөнхий боловсролын нэгдүгээр сургуульд элсжээ. Түүний аав ухаалаг нэгэн байсан тул охиноо сонсохгүйгээсээ болж хичээлээсээ хоцрох вий гэсэн дээ ажлаа тарж ирээд л хажуудаа суулган, аманд нь соронз хийгээд чангаар уншуулж, хэл яриаг нь засаж, аль болох яриулахыг хичээж байжээ. Үүний хүчинд Т.Долгорсүрэн амны хайрцгаар уншиж ойлгодог болсны дээр хэл яриагаа бага ч болов хадгалж үлдсэн гэнэ. Ангийн найзууд нь түүнийг дэмжиж, тусалдаг байсан аж. Охидоороо нийлж, зүггүйтэх тохиолдол сурагч ахуй үед цөөнгүй. Нэг удаа зуны амралтаараа ангийн охинтойгоо Хэрлэн голд сэлж байгаад үерлэсэн хүчтэй эргүүлэгт хөл алдаж, живэх шахжээ. Хэдэн км газар урсаж яваад нэгэн нарийхан бургаснаас зуурч, амьтай голтой гарч, аврагдсан гэнэ.
2001 онд тэрбээр Сэргээн заслын үндэсний төвийн оёдлын курст нэг жил сурсан байна. Амжилттай сайн сурч, Л.Даваасүрэн багшийнхаа дэмжлэгтэйгээр ШУТИС-д элсэж, оёмол бүтээгдэхүүний технологич мэргэжил эзэмшжээ. Тэнд сурахад харилцааны бэрхшээл нь саад болсон ч хүмүүс түүнийг бусдаас ялгаатай гэдэг талаас нь харж, өрөвдөж харилцах нь хамгийн хэцүү байж. Зарим оюутан эвэртэй туулай үзсэн мэт гайхаж, янз бүрийн араншин ч гаргадаг байсан гэнэ. Тиймээс зарим үед хичээл тарсны дараа багш нарын өрөөнд очиж, ойлгоогүй зүйлээ асууж тодруулдаг байжээ. Тэрбээр “Хөгжлийн бэрхшээлтэй гэж биднийг “цоллохгүй” байвал бусадтай ижил боловсрол эзэмшиж, мэргэжлээрээ ажиллаад нийгэмд өөрсдийн хувь нэмрээ оруулах хүн олон бий. Гэвч нийгэм нь өөрөө хөгжлийн бэрхшээлийг үүсгэж, бидэнд ийм “шошго” зүүлгэчихээд юу хийж чаддаг, ямар авьяас чадвартайг нь олж хардаггүй. Сонсголгүй хүүхэд, залуучууд боловсролын байгууллагын хүртээмжгүй байдлаас болж суралцах эрх нь зөрчигдөж, нийгмийн харилцаанд оролцох боломж хязгаарлагдсаар ирсэн. Би л гэхэд сургуулиа төгсөөд мэргэжлийнхээ дагуу ажиллах гэж олон байгууллагад хандсан. Нэг нь ч миний чадварыг үнэлэхийг хүсээгүй, сонсголгүй гэнгүүт материалын утас түүх ажил санал болгодог байлаа. Би уг нь оёмол бүтээгдэхүүний технологич мэргэжилтэй шүү дээ. Монгол хонины ноосон дулаалга ашиглан нярай хүүхдийн комбинзон үйлдвэрлэх төслөөр дипломын ажлаа хамгаалсан” хэмээв. Сонсголгүй, хараагүй л бол хүн биш мэт харилцдаг нийгэм л тэдэнд жинхэнэ бэрхшээл болж буйн нэг тод жишээ энэ. Хэдийгээр мэргэжлээрээ ажиллах боломжийг нийгэм түүнд олгоогүй ч оёдлын курст сурч байхдаа заяаныхаа ханьтай танилцжээ. Түүний ханийг Б.Амарзаяа гэдэг. Сургуулийнхаа урлагийн үзлэгт хамтдаа вальс эргэж танилцсан түүхтэй. Ирээдүйн нөхрийнхөө урласан хувцсаар сургуулийнхаа тайзан дээр загвар үзүүлж, бүх л зүйлд идэвхтэй оролцдог байв. Нөхрийнхөө хөдөлмөрч, хэлсэндээ хүрдэг занд нь татагдсан тэрбээр удалгүй үрийн зулай үнэрлэсэн байна. Тэд одоо хоёр охин, нэг хүүтэй.
БОДИБИЛДИНГИЙН ТЭМЦЭЭНД ОРОЛЦСОН СОНСГОЛГҮЙ
АНХНЫ ЭМЭГТЭЙ БОЛОВ
Анхны хүүхдээ төрүүлсэн үеэ тэрбээр “Маш гоё мэдрэмж” хэмээн тодорхойлов. Улаан нялзрай үрээсээ харцаа салгаж чадахгүй ширтэн, байн байн өлгийг нь задалж суниаж, эвшээхийг нь харах бүртээ хайр нь ундарч байснаа дурслаа. Хэдий сонсголгүй ч эхийн зөн совингоор үр хүүхдээ эрүүл саруул өсгөжээ. Гэвч бүх зүйл амар байгаагүй. Хүүхдээ мөөмөө эрээд уйлахад нь сонсохгүйн зовлон бий. Тиймээс түүний ээж нь Т.Долгорсүрэнгийн гараас урт оосор уячихаад хүүхэд уйлах чимээнээр өнөөхөөсөө татан сэрээдэг байж. Хоёулаа сонсголгүйн дээр нялх хүүхдүүдтэй тэдэнд мэргэжлээрээ ажиллах боломж олдохгүй байсан тул нөхөр нь амьдралын эрхээр 2009 онд Австрали улсыг зорьсон гэнэ. Том охиноо тав, дунд хүүгээ хоёр настай байхад гурван сартай жирэмсэн эхнэрээ үлдээгээд тэднийхээ ирээдүйн сайн сайхны төлөө Б.Амарзаяа харийн оронд хөл тавьжээ. Т.Долгорсүрэн гурван хүүхдээ цэцэрлэг, сургуульд оруулж, айл гэрийн ар талыг хариуцах амаргүй давааг ганцаараа туулсан байна. Үр хүүхдүүдээ сайн хүн болгож өсгөхөд түүний ээж, эгчийн тус их байсныг онцлох хэрэгтэй. Гурван хүүхдийнхээ халамжит, сайн ээж байхын зэрэгцээ нийгэмд идэвх зүтгэлтэй, оролцоотой байхаа ч орхигдуулсангүй.
Анх илүүдэл жингээ хасах зорилгоор фитнесийн сургалтад цахимаар бүртгүүлж, дасгал хөдөлгөөнийг нь даган хийж эхэлжээ. Богино хугацаанд багагүй жин хаясан тул бие нь хөнгөрч, үүндээ урамшин илүү олон цагаар хичээллэх болов. Ингээд “Мон алтиус” дээд сургуулийн “Перфект боди” клубийн багш, дасгалжуулагч Б.Учралд шавь орж, бялдаржуулах спортын нарийн техник заалгасан байна. Тэрбээр өнгөрсөн онд Улаанбаатар хотын “Ирээдүйн мистер” тэмцээнд анх удаа оролцож, шилдэг 10-т үлджээ. “Бодибилдингээр хичээллээд дөнгөж хагас жил болсон, анх удаа тэмцээнд оролцсон гэхэд энэ нь чамлахааргүй амжилт юм. Тэрбээр “Бодибилдингийн спортоор хичээллэснээр өөрийн хүссэн биеийг “урлана”, эрүүл мэнддээ том хөрөнгө оруулалт хийхийн зэрэгцээ маш их тэсвэр хатуужил, сахилга баттай болдог юм билээ” хэмээсэн. Сонсголгүй эмэгтэй хүн энэ төрлийн тэмцээнд анх удаа оролцсоноороо онцлогтой. Өмнө нь энэ төрлийн тэмцээнд сонсголгүй эрэгтэй тамирчин оролцож байж. Тэмцээний үеэр түүний хэлмэрчээр С.Бямбадэлгэр ажиллаж, “Энэ тэмцээнд сонсголгүй эмэгтэй анх удаа оролцож байна” хэмээн танилцуулахад үзэгчид алга нижигнүүлэн ташиж, дотно сайхнаар хүлээн авсан нь түүнд урам зориг хайрласан гэнэ. Тэрбээр Б.Учрал багшийнхаа дэмжлэгээр бикини ангилалд өрсөлдөж, шилдэг 10-ын нэг болсон юм.
Цаашид эл спортоор мэргэжлийн түвшинд хичээллэхээр сэтгэл шулуудаж, ирэх хавар болох бодибилдингийн улсын аварга шалгаруулах тэмцээнд орохоор бэлтгэлээ базааж эхэлжээ. Долоо хоногийн зургаан өдөр нь 2-3 цаг бэлтгэл хийж, зорилгодоо хүрэхийн тулд хичээж буйгаа илэрхийлсэн. Үүний зэрэгцээ тэрбээр “Сонсголгүй эмэгтэйчүүдийн бие даан амьдрах төв” ТББ-ыг санаачлагчдын нэг. Сонсголгүй охид, эмэгтэйчүүдийг нийгмийн бүхий л хүрээнд эрх тэгш оролцуулах зорилгоор уг төвийг дөрвөн жилийн өмнө байгуулжээ. Энэ онд Монгол дахь Канад сангийн дэмжлэгээр Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвд дүрст дуудлагын үйлчилгээ шинээр нэвтрүүлсэн гэнэ. Түүнчлэн Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд төрийн бус байгууллагын оролцоог нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж буй. Харилцааны бэрхшээлээсээ болж сонсголгүй эмэгтэйчүүд эмчтэйгээ ойлголцож чадахгүй, бичгээр харилцах гэж хугацаа алддаг. Зарим эмч бичихээс төвөгшөөх хандлага гаргадаг аж. Тиймээс эрүүл мэндийн байгууллагуудад сонсголгүй эмэгтэйчүүдийн онцлог хэрэгцээнд нийцсэн үйлчилгээг бий болгох нь түүний нэг зорилго. Тухайлбал, иргэд олноор үйлчлүүлдэг аймаг, дүүргийн Нэгдсэн эмнэлгийн Нөхөн үржихүйн кабинетад сонсголын бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн онцлогт тохирсон угтах үйлчилгээ, дохионы хэлмэрч орчуулагч болон олон улсад дагаж мөрддөг дүрст үйлчилгээ буюу “Video phone” байдаггүй. Ийм дүрст үйлчилгээг эрүүл мэндийн байгууллагуудад нэвтрүүлчихвэл сонсголгүй охид, бүсгүйчүүдэд бодит дэмжлэг болох нь ойлгомжтой. Энэ ажлын эхлэлийг ч Т.Долгорсүрэн тавьж чадсан. Урсгал дагаж биш, сөрж зогсохыг илүүд үздэг тэрбээр эхэлсэн ажил, спортын амжилтаараа ч хошуучлах биз ээ.