ХБНГУ-ын Берлин хотноо жил бүр болдог дэлхийн Хөдөө аж ахуйн сайд нарын 13 дахь чуулга уулзалт цахимаар болов. “Хөдөө аж ахуйн Ногоон долоо хоног” нэртэйгээр дээрх чуулганыг зохион байгуулж, “Цар тахал болон цаг уурын өөрчлөлтийн үед дэлхийг хэрхэн эрүүл хоол хүнсээр хангах вэ” сэдэвт олон улсын цахим хэлэлцүүлэг өрнүүлжээ. Олон улсын чуулга хуралд дэлхийн 75 орны хөдөө аж ахуйн сайд, олон улсын 14 байгууллагын ажилтан оролцсоны дотор Монголын төлөөлөл ч багтсан аж. Дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн сайдууд энэ удаагийн чуулга уулзалтаар хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцэж, боловсруулжээ. Хэлэлцүүлгээр 2014 оноос хойш дэлхий даяар өлсгөлөн нэмэгдэж, “Ковид-19” тахал болохоос өмнө 690 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэж, дэлхийн хоёр тэрбум орчим хүн хангалттай хоол хүнсгүй, гурван тэрбум хүн эрүүл хооллож чадахгүй байгааг хөнджээ. Энэ нөхцөл байдал нь дэлхийн хоёр том сорилт болох “Ковид-19” цар тахал болон уур амьсгалын өөрчлөлтийн улмаас улам хурцдаж байгааг оролцогч талууд цохон тэмдэглэсэн байна. Өнгөн дээрээ дэлхийн хүнсний хангамж хангалттай, олон улсын зах зээл тогтвортой мэт байгаач цар тахал хүмүүс хэрэгтэй хүнс тэжээлээр дутмаг байгааг илүү тодорхой харуулжээ. Цар тахлын эдийн засгийн үр дагавраар 2020 оны эцэст 83-132 сая гаруй хүн архаг өлсгөлөнд өртсөн аж. Үүний зэрэгцээ цаг уурын өөрчлөлт нь дэлхийн хамгийн чухал асуудал хэвээр. Дэлхий нийтээрээ үүний эсрэг хамтдаа тэмцэн, оновчтой шийдлийг бий болгож олон улс, фермерүүд, төрийн бус, эрдэм шинжилгээний байгууллагууд, иргэний нийгэм, хувийн хэвшлийн санал санаачилга, хамтын ажиллагааг дэмжих нь чухал гэдэгтэй сайд нар санал нэгдсэн гэнэ. Чуулга уулзалтын төгсгөлд өнөөгийн цар тахлын хүнсний аюулгүй байдал, хоол тэжээлд үзүүлэх нөлөөллийг багасгах, ирээдүйн цар тахлаас урьдчилан сэргийлэх, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах, дасан зохицох зорилгоор салбар дундын хамтын ажиллагаа, оролцоо чухал байгааг Дэлхийн хөдөө аж ахуйн сайд нар хүлээн зөвшөөрч, албан ёсны мэдэгдэл тунхгийг санал нэгтэйгээр дэмжсэн байна.