Өвлийн сар гарангуут гар аргаар нүүрс олборлох иргэдийн тоо эрс нэмэгддэг. Энэ хэрээр нурангид даруулж амиа алдах явдал ихэсдэг байна. Тухайлбал, өчигдөр өглөө 10.00 цагийн үед Налайх дүүргийн III хороонд оршин суух 33 настай иргэн Б гар аргаар нүүрс олборлохоор цооногт орж, нурангид дарагджээ.
Ослын талаар Уул уурхайн аврах албаны дарга Ц.Жанчиваас тодруулахад “Нурангид даруулсан хүн 100 гаруй метрийн гүнд байсан. Бид 10 гаруй минутын турш аврах ажиллагаа явуулж нурангиас гаргасан ч харамсалтай нь нас барсан байна билээ”гэв.
Налайх дүүрэгт нүүрсний 160 гаруй хувийн ам, цооногт 1500 гаруй хүн ажиллаж байна. Дээрх хувийн цооногууд нь ихэвчлэн айлын хашаанд байдаг учир тэр бүр хяналт тавих боломжгүй байдаг аж.
С.ЗАЯА