Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй “Ард санхүүгийн нэгдэл” компанийн хувьцааны ханш өчигдөр 3198 төгрөгт хүрлээ. Энэ нь сүүлийн 10 хоногийн хугацаанд хоёр дахин өссөн үзүүлэлт юм. Ингэснээр тус компанийн зах зээлийн үнэлгээ 91.5 тэрбум төгрөгт хүрэв. “Ард санхүүгийн нэгдэл”-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг “Манай компани банк худалдаж авах гэж байна” гэсэн мэдэгдэл хийснээр хувьцааных нь ханш ийн өссөн юм. Гэхдээ аль банкийг худалдаж авахаар хэлэлцээр хийж буй нь тодорхойгүй байна. Хөрөнгийн зах зээлийн зарим мэргэжилтэн түүнийг компанийнхаа хувьцааны ханшийг зохиомлоор хөөрөгдөх үйл ажиллагаа явуулж байна гэж хардаж буй. Тэгвэл Монголын хөрөнгийн биржийн Хяналт, зохицуулалтын газрын захирал А.Мөнхбаясгалан “Манайх өдөр бүр арилжааны тайлан гаргадаг. “Ард санхүүгийн нэгдэл”-ийн цөөн тооны хувьцааг өндөр өсөлттэй арилжаагүй, нэгдмэл сонирхолтой этгээдүүд хоорондоо арилжаа хийгээгүй. Тиймээс ханшийн зохиомол хөөрөгдөл гэж үзэхгүй байгаа. Гэхдээ анхааралтай ажиглаж байна” гэсэн юм.