Өнгөрсөн амралтын өдрүүдэд зам тээврийн ослын 270 дуудлага иржээ. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас дөрвөн хүн гэмтэж, орон нутагт мөн тооны амь эрстэв. Явган зорчигч мөргөх, чаргаар гулгаж байгаад автомашинд дайруулсан, замын хөдөлгөөнд оролцож байхдаа онхолдсон хэргүүд бүртгэгджээ. Тухайлбал, энэ сарын 21-нд Увс аймаг, Өмнөговь сумын нэгдүгээр багийн нутаг “Намирын Түнг” гэх газарт “Mustang-5” загварын мотоциклийн жолооч 29 настай Б онхолдож, амиа алджээ. Энэ өдөр Архангай аймаг бас нэг иргэн “Dayun” загварын мотоциклоос унаж, нас баржээ. Мөн Хөвсгөлд хүний амь эрсэдсэн осол гарлаа. Тус аймгийн Алаг-Эрдэнэ сум нэгдүгээр баг “Хужиртын даваа” гэх газарт шороон замаар зорчиж явсан “Toyota prius” автомашин онхолдож, хоёр зорчигч эндсэн харамсалтай хэрэг гарав. Амралтын өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 108 жолоочийг саатуулж, хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.