15 настай охиноо бусдын гарт алдсан хохирогч Ц.Гончиг гуай өчигдөр хэвлэлийнхэнд хандлаа. Тэрбээр “Хууль зүй, дотоод хэргийн сайд болон ЦЕГ-ын дарга нар, УМБГ-ын мөрдөн байцаагч, дэд хурандаа Б.Соёлмаа, Ганцхудаг дахь Цагдан хорих төвийн эргэлт хариуцсан байцаагч, ахмад Б.Нэргүй нарт хариуцлага тооцохыг шаардаж буй юм. Б.Нэргүй, Б.Соёлмаа нар цагдаагийн байгууллагад ажиллах ёсгүй. Энэ хүмүүс мөрдөн байцаах ажиллагаанд саад учруулж, хэргийн ул мөрийг баллах, худал мэдүүлэг өгүүлэх талаар Ө.Хэрлэнчимэг нарт зааж зөвлөн хэргийг будлиантуулсан.
Ө.Хэрлэнчимэгийн ээж Ю.Сэвлэгмаа нь өдөр бүр шахам Ганцхудаг руу орж хүүхдэдээ хэргийг нуун дарагдуулах арга замыг зааж өгч байсан. Би хэрэг гараад охиныхоо цогцсыг хөрч амжаагүй байхад яллагдагч найман хүнийг баривчлуулж Ганцхудагт хориулсан. Түүнээс хойш хоёр жил гаруй хугацаа өнгөрөхөд Ө.Хэрлэнчимэг болон түүний ар гэрийнхэн мөрдөн байцаах ажиллагаанд удаа дараа саад учруулж ирлээ. Түүгээр зогсохгүй Ө.Хэрлэнчимэгийн өмгөөлөгч нар бүхэл бүтэн зун, намрын гурван сар шүүн таслах ажиллагаанд саад учруулсан.
Гэдэс нь өвдөхөд эм аваад уучихаж чадахгүй, цэцэрлэгийн хүүхдээс дор сэтгэхүйтэй өмгөөлөгч нарт хариуцлага тооцооч гэж Хууль зүй, дотоод хэргийн сайдаас хүсэж байгаа юм. Гэвч тэрбээр нэг ч удаа намайг хүлээж авч уулзахгүй байна” гэв. Түүнийг ШШГЕГ-ын удирдлагууд хүсэлтийнх нь дагуу хү- лээн авч уулзаад УМБГ-ын ахлах мөрдөн байцаагч Б.Соёлмаа нь ахмад Б.Нэргүйгийн ээлжтэй үед Ө.Хэрлэнчимэг нартай удаа дараа уулзсан тухай бүртгэлийг танилцуулсан аж.
Түүний дараа Ө.Хэрлэнчимэг нарын найман хүн батлан даалтад гарч, улмаар өмсөж явсан даашинзаа шатаах зэргээр эд мөрийн баримтаа устгажээ. Энэ тухай хавтаст хэрэгт нь яллагдагч С.Гантуяа “Ө.Хэрлэнчимэгт эрээн даашинзаа хэрэг гарах үед өгсөн байсан. Түүний бүсээр талийгаач Б-г боомилж хөнөөсөн. Ө.Хэрлэнчимэг намайг “Даашинзаа шатаа” гэж шаардсаны дагуу би Ар Согоотод байдаг гэрийнхээ зууханд хийж шатаасан” гэж мэдүүлсэн юм. Энэ мэдүүлгээр хэргийн ул мөрийг баллах аргыг дээрх хүмүүс зааж өгсөн нь батлагдаж буй гэж талийгаачийн ар гэрийнхэн үзэж байгаа юм.
Тиймээс Ц.Гончиг гуай энэ сарын 22-ны лхагва гаригийн 12.00 цагаас өмнө ХЗДХЯ, ЦЕГ, УМБГ-ын дарга нарт тавьсан хүсэлтэд хариу өгөхгүй бол дээрх байгууллагуудын үүдэнд эсэргүүцлээ илэрхийлж зураг, бусад эд зүйлээ шатаахаа мэдэгдлээ. Тэрбээр “Энэ эсэргүүцэл маань үр дүнд хүрэхгүй бол төрөөс надад олгосон гавьяа шагнал, үнэмлэх, жуух бичиг, өмссөн хувцсаа шатаана.
Эцэст нь гэр орноо галдаж ХЗДХЯ, ЦЕГ, УМБГ-ын ойролцоох траншейнд амь зуух болно. Би Монголдоо шударга гэж үнэлэгддэг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг энэ хоёр ажилтандаа хариуцлага тооцно гэдэгт итгэж байна. Мөн Монголынхоо шудар га шүүхэд итгэж явдаг. Цагдаагийн шударга олон ажилт ныг шударга бус цөөн хүн хараар будаж байна” гэв. Түүний энэ мэдээллийн дагуу цагдаагийн байгууллага, ШШГЕГ, МӨХ-нд хандлаа. Цагдаагийн байгууллагын эх сурвалж “2008 оноос хойш энэ хэл ам гарсаар байгаа.
Түүний дагуу албаны шалгалт хийж тухайн үед ахлах мөрдөн байцаагч байсан дэд хурандаа Б.Соёлмаад хариуцлага тооцож албан тушаал бууруулж, мөрдөн байцаагч болгосон. Шалгалтаар дэд хурандаа Б.Соёлмаа нь Ө.Хэрлэнчимэгийн нагац эгч болох нь батлагдсан” гэлээ.
УМБГ-ыг зорьж дэд хурандаа Б.Соёлмаатай уулзлаа.
–Ө.Хэрлэнчимэг нарт холбогдох хэргийн хохирогч Ц.Гончиг тантай холбоотой мэдээлэл хийлээ. Таныг энэ хэрэгт нөлөөлсөн, эд мөрийн баримтыг устгах аргыг заасан гэж ярьсан. Та үүнд ямар тайлбар өгөх вэ?
-Би энэ хэрэгт нөлөөлсөн, оролцсон зүйл байхгүй шүү дээ. Тийм боломж ч байхгүй. ЭЦГ, УМБГ-аас Ажлын хэсэг гарч хэргийг шалгасан. Тиймээс ийм боломж байхгүй. Хохирогчийн аав хэвлэлээр ингэж ярьж байгаа гэсэн. Би түүнийг дуудаж уулзалтай биш дээ. Харзнаад л байна.
-Таныг Ө.Хэрлэнчимэгийн нагац эгч гэж албаны хүмүүс мэдээлж байгаа.
-Тийм ээ. Ө.Хэрлэнчимэгийн ээж Ю.Сэвлэгмаа нь миний дүү гэдэг нь үнэн. Би түүнтэй бараг уулзалддаггүй. Тэрбээр төрснийхөө дараа хөдөө хүнд өргүүлсэн юм билээ. Хөдөөнөөс шилжиж ирснээс нь хойш хааяа уулздаг болсон.
-Ц.Гончиг гуайн гомдолтой холбогдуулж таныг шалгасан зүйл бий юү?
-Түүний гомдолтой нь холбогдуулж өнөө хүртэл надад албаны шалгалт явуулж байна. Түүнээс гадна холбогдох эрх бүхий байгууллагаас шалгаж байна гэв. ШШГЕГ-ын дэд дарга, хурандаа Д.Даваа-Очиртой холбогдоход “Б.Соёлмаа, Б.Нэргүй нар нь манайд хамаагүй хүмүүс. Тиймээс энэ талаар бид ямар нэгэн тайлбар хийх боломжгүй” гэсэн хариулт өглөө. Уг хэрэгтэй холбогдуулж Ө.Хэрлэнчимэгийн ар гэр, өмгөөлөгчдийн зүгээс хохи рогчийн өмгөөлөгч С.Баасанхүү- гийн өмгөөлөл хийх эрхийг түдгэлзүүлж өгөөч гэсэн хүсэлт тавьжээ. Энэ талаар өөрөөс нь тодруулах гэсэн боловч ямар нэгэн зүйл ярихаас татгалзсан юм.
МӨХ-ны эрх бүхий албан тушаалтнаас энэ талаар лавлахад “С.Баасанхүү өмгөөлөгчийн талаар манай холбооны Сахилгын хороонд Ө.Хэрлэнчимэг гомдол гаргасан. Бид гомдлын дагуу шалгаад үндэслэлгүй байна гэж үзсэн. Түүний дараа Ө.Хэрлэнчимэг хэрэгт холбогдогчдынхоо хамтаар мөн л хүсэлт гаргасан байгаа. Бидэнтэй уулзаж дарамталсан гэсэн асуудал тавьсан. Энэ дагуу бид шалгалт хийж байна” гэсэн юм.
Уг хэргийн нэмэлт мөрдөн байцаалт удахгүй дуусна гэж байсан ч прокурор шүүхээс даалгасан ажиллагаа дутуу гэсэн үндэслэлээр шалгалтын хугацааг сунгасан гэх мэдээлэл бидэнд ирсэн юм. Түүнээс гадна уг хэрэгт ганцаараа үнэн зөв мэдүүлэг өгдөг шүүгдэгч Д.Сарантуяаг бусад холбогдогч нь үргэлж дарамтлан зовоож байгаа аж. Тиймээс хууль хяналтын байгууллагынхан түүний цагдан хорих газрыг өөрчилж, улмаар хүний эрхийн байгууллагынхан ч түүний эрхийг хамгаалахаар ажиллаж байгаа гэнэ.
Г.РАВЖАА