ХХААХҮЯ-ны Судалгаа Хөгжлийн төвөөс Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоотой хамтран "Хөдөөгийн хөгжлийн загвар хоршоо" гарын авлага гаргажээ. “Хөдөөгийн хөгжлийн загвар хоршоо” гарын авлага малчдад тараах юм. Ийн тараахыг учир нь бодлогын яам малчид хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ хэрэглэгч, үйлдвэрлэгчдэд хүргэх, дөрвөн улирлын бэрхэд хат зааж зүтгэсэн хөдөлмөрийн үр шимээ хүртэхэд хамгийн дөхөм зам нь хоршоо байгуулж, нэгдэх гэж үзсэн байна. Тиймээс ХХААХҮЯ-ныхан Хоршооны тухай хуулийн шинэчлэн баталж, хоршоо байгуулах, хамтрах малчдыг хөрөнгө санхүүгээр дэмжих ажиллах зорилт дэвшүүлжээ. Уг ажлын эхлэл болгож, эрдэмтэн судлаачдыг оролцуулж, “Хөдөөгийн хөгжлийн загвар хоршоо” гарын авлага гаргалаа. Уг гарын авлагад олон улсын сайн жишиг, малчид нэгдэж, хороо байгуулах аргачлалаас авхуулаад олон хэрэг хэрэгтэй мэдээллийг багтаасан аж.
Түүхийн хуудсыг эргэн сөхвөл 1921 оны наймдугаар сард Сангийн яамны дэргэд хоршоо наймааны хэлтсийг бий болгож, “Хоршооны дүрэм”-ийг боловсруулан баталж, “Ардын харилцан туслалцах хоршоо” нэртэй 116 гишүүнтэй хоршоог байгуулснаар анхны хоршооны суурь тавигдсан түүхтэй. 1940 он гэхэд манай улсын бүх аймаг, сумдад эд хэрэглэгчдийн хоршооны зарчмаар ажилладаг хоршоод бий болж өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд 1958 оноос хоршоодыг улсын болгон нийгэмчилж, коммун хэлбэрийн төрийн оролцоотой аж ахуйн хэлбэрээр хөгжиж ирсэн. 1990-ээд оноос хоршоод зах зээлийн чиг баримжаатай хөгжиж ирсэн.
Өдгөө Монголд 4477 орчим хоршоо байгаа гэсэн тоон мэдээлэл байна. Энэ нь бүртгэлтэй ААН, байгууллагын 2.6 хувийг бүрдүүлж буй аж. Мөн бүртгэлтэй нийт хоршоодын 61 хувь нь буюу 2732 хоршоо үйл ажиллагаа явуулж байгаа, 19 хувь нь үйл ажиллагаа эрхлээгүй, 23.6 хувь нь үйл ажиллагаа нь түр зогссон, үлдсэн хувь нь үйл ажиллагаа нь бүрэн зогссон гэнэ.