УИХ-ын чуулганы баасан гаргийн нэгдсэн хуралдаанаар Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэх, эсэхийг шийдвэрлэв. Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийг 2017 онд баталж, 2019 оны нэмэлт, өөрчлөлтөөр 2021 оны нэгдүгээр сарын 1-нийг хүртэл дагаж мөрдөхөөр заасан. Дээрх хуулийн үйлчлэлд 28.1 мянган иргэн хамрагдаж, Тэтгэврийн даатгалын санд 42.2 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр тооцсон ч цар тахлын улмаас улсын хэмжээнд хөл хорио тогтоон, малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн бизнесийн үйл ажиллагаа доголдсон, төрийн захиргааны байгууллагууд тусгай горимоор ажилласан зэрэг шалтгаанаар хуулийн хэрэгжилт хангалтгүй байсан гэж төсөл санаачлагчид хэлж буй. Нийгмийн даатгалын байгууллагын 2020 оны арванхоёрдугаар сарын мэдээгээр хамрагдвал зохих иргэдийн 33 хувь буюу 9.2 мянган малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч л даатгалаа нөхөн төлжээ. Иймд хуулийн хэрэгжүүлэх хугацааг 2022 оны нэгдүгээр сарын 1 хүртэл сунгахаар төсөлд тусгажээ. Төсвийн байнгын хороо уг төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй хэмээн дэмжсэн байна.
Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэг жилийн нөхөн төлбөрт 500 мянга, гурван жилийн нөхөн төлбөрт 1.5 сая, зургаан жилийн нөхөн төлбөрт гурван сая төгрөг төлөх нь иргэдэд хүнд тусаж буй. Тиймээс тухайн нөхөн төлж буй жилийнхээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцох санал иргэдээс ирж буйг Л.Энх-Амгалан гишүүн илэрхийлсэн. Иргэдэд тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх бололцоо олгосноор Нийгмийн даатгалын санд ихээхэн ачаалал ирнэ, үүн дээр гишүүдийн санал болгож буйчлан шимтгэлийн хувь хэмжээг бууруулбал тус сан ачааллаа даахгүйд хүрэх эрсдэлтэй гэдгийг төсөл санаачлагч тайлбарласан юм.
Мөн өдөр Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төслийн хэлэлцэх, эсэхийг шийдвэрлэв. Дотоодын түүхий эдэд түшиглэн газрын тос боловсруулах үйлдвэр байгуулж, Монгол Улсыг түлш шатахууны хараат байдлаас гаргах, нефть-химийн шинэ салбарыг бий болгоход төрөөс дэмжлэг үзүүлэхтэй холбогдсон харилцааг шийдвэрлэх зорилгоор хуулийн төслийг боловсруулжээ. Төсөл батлагдсанаар газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад оруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн хөрөнгө оруулалтын зардлыг богино хугацаанд нөхөж, зээлийн санхүүжилтийг хугацаанд нь эргэн төлөх боломж бүрдэнэ гэж үзсэн байна.
БНЭУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн 1.2 тэрбум ам.долларын санхүүжилтээр зөвхөн үйлдвэрийн үндсэн бүтээн байгуулалтыг гүйцэтгэх бөгөөд үйлдвэрийн гаднах дэд бүтэц, газрын тосны үйлдвэрийн хотхоны бүтээн байгуулалт, төсөл хэрэгжүүлэгч компанийн үйл ажиллагааны зардал нь Хөгжлийн банкнаас авсан 150 сая ам.долларын зээлээр санхүүжих юм байна. Түүнчлэн түүхий тос дамжуулах хоолойн бүтээн байгуулалтад 350-500 сая ам.доллар зарцуулах бөгөөд үйлдвэр байгуулахад нийт хоёр тэрбум орчим ам.долларын санхүүжилт орох аж.
Мөн хэлэлцүүлгийн үеэр түүхий эдийн хангамжийн асуудал сөхөгдөхөд ажлын хэсэг “Өөрийн орны түүхий эдийн нөөцөд тулгуурласан газрын тос боловсруулах үйлдвэр барьж буй манай улсын хувьд тус үйлдвэрийг түүхий тосоор тасралтгүй, найдвартай хангах асуудал тулгамдаж байна” гэсэн тайлбар хэлэв. Үйлдвэрийн хүчин чадлыг 2012 онд “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн “Орд ашиглах үйл ажиллагааны төлөвлөгөө”-нд тусгасан түүхий тосны олборлолтын төлөвлөгөөнд суурилан 1.5 сая тонн байхаар тогтоожээ. Гэтэл газрын тосны Тосон-Уул, Тамсагийн ордуудад үйл ажиллагаа явуулж буй “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК бүс нутгийн эрчим хүчний хангамжийн дутагдал, ус, ажиллах хүч, орон нутгийн эсэргүүцэл зэргээс хамаарч олборлолтын хэмжээгээ бууруулж байгаа. Үүнд салбарын яамнаас зохих арга хэмжээ авч, холбогдох яриа хэлцлүүдийг хийж буй ч цаашдаа үйлдвэрийг түүхий эдийн найдвартай эх үүсвэртэй байлгах үүднээс өөрийн гэсэн түшиц газар буюу газрын тосны ордтой болох эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай байгааг ажлын хэсгийнхэн хэлж байв. Үйлдвэрийг ашиглалтад оруулснаар бүтээгдэхүүнийг хэрэглэгчид борлуулах үнэ нь нэг литр Аи-95 бензин 1445, дизель 1372, онгоцны түлш 1488 төгрөг байх тооцоолол гаргасан бөгөөд хөрөнгө оруулалтын зардлаа есөн жилд нөхөхөөр тооцжээ. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Үйлдвэржилтийн болон Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.
Бэлтгэсэн: А.Амина