"Үнэн ба зөв" намын дарга А.Отгонбаатар өчигдөр /2021.01.21/ УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн зөвлөхөөр ажиллах болсноо зарласан. Түүний уг мэдэгдлийг иргэд ихээхэн бухимдалтайгаар хүлээж авсан бөгөөд нэгдүгээр сарын 20-ны өдрийн жагсаалыг эхлүүлсэн нь түүний улс төрийн нүүдэл хийхийн өмнөх жүжиг байж хэмээн хардахад хүргэсэн.
Тэгвэл өнөөдөр А.Отгонбаатар УИХ-ын гишүүний зөвлөхөөс татгалзаж буйгаа цахим хуудаснаа илэрхийлжээ. Тэрбээр "Ах эгч, анд нөхөд, дүү нар, журмын хамт олноосоо чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна. Би УИХ-ын гишүүний зөвлөхийн ажлаас өөрийн хүсэлтээр татгалзаж байна" хэмээн нийтэлжээ.
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа өчигдөр мэдээлэл хийх үеэрээ энэ талаар ярихдаа “А.Отгонбаатар надтай уулзаж, маш их хүнд байдалд байна. Би эрх баригчдын бусармаг үйл ажиллагаа, нийгэмд болохгүй байгаа булхайг илчилснийхээ төлөө маш их дарамтад байна. Та намайг хамгаалалтад авч өгөөч, надад туслаач гэсэн хүсэлт гаргасны дагуу өөрийнхөө зөвлөхөөр жагсаал цуглаан болохоос өмнө томилуулах саналаа өгүүлсэн" гэсэн юм.