Эрүүл мэндийн яамны газрын дарга Б.Цогтбаяр, эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрөд хариуцсан ахлах Н.Чимэдлхам, эм хангамжийн байгууллагын тусгай зөвшөөрөл хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Болорчимэг нарын 26 хүнд холбогдогдох гэм буруугийн шүүх хурал дахин хойшиллоо. ЭМЯ-ны ажилтнууд бусдыг хясан боогдуулж удаа дараа авлига авсан, тендерт хууль бусаар шалгаруулсан хэрэгт холбогдсон.
Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Чимэдлхам, Б.Болорчимэг, Ү.Отгонбаатар, Д.Наранцэцэг, Н.Наранцэцэг, Б.Цогтбаатар, Д.Гантөмөр, Р.Октябрь, Н.Мөнх-Эрдэнэ, Д.Булгансүрэн, М.Болортуяа, С.Бямбасүрэн, Б.Цацралт-Од, Б.Галхүү, Н.Бямбадорж, С.Алтанзаяа, Б.Амаржаргал, Т.Ариунаа, Ц.Наранбаяр, Б.Дэлгэр, С.Энхболд, М.Золтуяа, Ж.Нэргүй, О.Тамир, Б.Ганзориг, Г.Насандэлгэр нарт Эрүүгийн хуулийн Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, Хахууль авах, Хахууль өгөх гэсэн зүйл ангиар яллах дүгнэлт үйлджээ. Яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр (2021-01-22) Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон ч дараах шалтгаанаар хойшилжээ. Шүүх хуралдаанд шүүгдэгч Ү.Отгонбаатарын өмгөөлөгч Ц.Цэрэнням гадаад улсад байгаа, шүүгдэгч Б.Цацралт-Одын өмгөөлөгч Г.Мөнхбаяр Архангай аймагт тусгаарлалтад байгаа тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлтийг тус тус шүүхэд гаргасан тул шүүхээс дээрх хүсэлтийг хүлээн авч гэм буруугийн шүүх хуралдааныг жич товлохоор хойшлуулсан байна.