Улс төр бол сэтгэл хөдлөлөөр хийдэг ажил биш. Энэ бол асар их тооцоо, бооцоон дээр өрнөдөг, хэдэн нүүдлийн дараах “идээ”-г харж чадсан нь хождог тоглоом. Энэ утгаараа У.Хүрэлсүх танхимын хоёр сайдаа огцрох гэсний төлөө, тэдэнд ээнэгшиж дассандаа, тэдэнгүйгээр байж чадахгүйдээ Засгийн газраа огцруулах шийдвэр гаргаагүй нь мэдээж. Хоёр сайд танхимаасаа үдэж чадахгүй, хариуцлага нэхсэн жагсагч олонд ч юм уу, өөр хэн нэгэнд тунирхаад өөрөө огцрох шийдвэр гаргачих дорой эр байсан бол тэр МАН-ын дарга, Ерөнхий сайд болохгүй байсан биз. Бас өөрийнх нь хэлсэнчлэн ёс зүйтэй, хариуцлагатай байхын үлгэр үзүүлэх туйлын зорилго тээсэн нь юу л бол.
Улстөрчийн замналаар унаж, босож 30-аад жил явахдаа энэ хатуу салбарт мөнхийн дайсан, мөнхийн нөхөр гэж үгүй, мөнхийн эрх ашиг л бийг биеэр үзэж, туулж, юуг ч үл ажрахад бие, сэтгэлээрээ бэлтгэгдсэн хүний хувьд ямар үед юуг хэрхэн өөрт ашигтайгаар эргүүлэх вэ гэдгээ муугүй мэддэг болсон нь У.Хүрэлсүхийн хэлсэн үг, хийсэн алхмуудаас тодорхой харагддаг. Энэ төсөр дүгнэлтийг батлах нэг жишээ нь 2012 онд УИХ-ын гишүүнээс өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн явдал. Тэрбээр тухайн үед УИХ-ын гишүүнээр ажиллаж асан Г.Баярсайханыг олны нүдэн дээр, дүрс бичлэгийн камерын өмнө үсэртэл шанаадаж унагасныхаа төлөө хууль, шүүхийн байгууллагаар асуудлаа шийдүүлэхдээ тулж, удалгүй “Эхнэрээ эмчлүүлэх шаардлагатай болсон тул УИХ-ын гишүүнээс чөлөөлж өгнө үү” гэсэн өргөдлөө З.Энхболдын ширээн дээр үлдээгээд явсан билээ.
…Төрийн тэргүүний суудал өөд мацахаар нэгэнт шийдсэн У.Хүрэлсүхийн хувьд Ерөнхий сайдын албаа хүлээлгэж өгөнгөө өөртөө оноо цуглуулах хамгийн тохиромжтой үе энэ өдрүүдэд тохиов. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийн тулд Ерөнхий сайдын албыг өгөх нь мэдээж. Зүгээр л “Ухнаагийн Хүрэлсүх миний бие Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөхөөр шийдсэн тул Ерөнхий сайдын албанаас чөлөөлж өгнө үү” хэмээгээд өнгөрөх нь хэтэрхий уйтгартайн дээр ямар ч ашиггүй. Бас тэр өдрийг болтол хүлээх нь эрсдэлтэй…
Эл явдлыг олон нийт өдгөө ч дурссаар байдаг бөгөөд У.Хүрэлсүхийг гэр бүлдээ хайртай, гэргийдээ халамжтай үлгэр жишээ эр хүний хүсэмжит дүр болгон ярих нь бий. Түүний гэр бүлдээ хайртай, гэргийдээ халамжтайг үгүйсгэхгүй. УИХ-ын бүрэн эрхээсээ сайн дураараа татгалзаж, өргөдлөө өөрөө өгөх хоншоортой эр өнгөрсөн 30 жилийн түүхэнд тийм олон байгаагүйг ч мэднэ. Энэ бол олон давтагдахгүй, түүнээс л гарах алхам. Ийм алхам хийж чаддаг учраас тэр өнөөдөр МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайдын суудалд сууж байгаа.
Г.Баярсайханыг улайм цайм цохиод унагачихсан нь УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдалтай холбогдож, ямар нэг хариуцлага хүлээхээс аргагүй байдалд орох үедээ гэргийгээ эмчлүүлэхээр шийдсэн нь түүний талаар домог бүтээсэн. Түүнд хожил авчирсан. Ингэж яваад улс төрд буцаж ирэхдээ тэр бүр ч том амбиц өвөртөлж ирсэн. Энэ удаа ч илүү том зорилготойгоор явж байна. Угаас тэр эргэж ирэхийн тулд л явдаг билээ.
Хэдхэн сарын дараа Ерөнхийлөгчийн сонгууль болно. Эрх баригч намын 100 жилийн ой тохиож буй. МАН-ынхан түүхэн ойдоо ялалтаар бэлэг барих, Төрийн тэргүүний сонгуулийн гурав дараалсан ялагдлыг таслах зорилго тавьсан. Энэ зорилгыг биелүүлэх хамгийн боломжтой, чансаа өндөртэй улстөрч нь У.Хүрэлсүх гэсэн судалгааны дүн удаа дараа гарсан ч түүнийг Ерөнхий сайд хэмээх том албан тушаалыг орхиж, ялах, эсэх нь тодорхойгүй сонгуульд нэр дэвших эрсдэлтэй шийдвэр гаргана гэдэгт эргэлзэх хүн нэг бус байлаа. Харин У.Хүрэлсүхэд Төрийн тэргүүний сонгуульд нэр дэвших, тэгээд зогсохгүй ялах хүсэл асар их буй нь гаргасан шийдвэрүүдээс нь уншигдаж байна. Түүний тэргүүлсэн Засгийн газар долдугаар сарын 1 хүртэл цахилгаан, дулааны үнэ тэглэх гэх мэт гэнэтийн бэлэг иргэдэд барьсан нь санамсаргүй явдал биш нь тодорхой.
Амаргүй цаг үед Засгийн газар тэргүүлж буй, Төрийн тэргүүний суудал өөд мацахаар нэгэнт шийдсэн У.Хүрэлсүхийн хувьд Ерөнхий
сайдын албаа хүлээлгэж өгөнгөө өөртөө оноо цуглуулах хамгийн тохиромжтой үе энэ өдрүүдэд тохиов. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийн тулд Ерөнхий сайдын албыг өгөх нь мэдээж. Зүгээр л “Ухнаагийн Хүрэлсүх миний бие Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөхөөр шийдсэн тул Ерөнхий сайдын албанаас чөлөөлж өгнө үү” хэмээгээд өнгөрөх нь хэтэрхий уйтгартайн дээр ямар ч ашиггүй. Бас тэр өдрийг болтол хүлээх нь эрсдэлтэй.
Ерөнхийлөгчийн сонгууль угтсан улс төр аль хэдийн эхэлсэн нь хоёр хоногийн өмнөх жагсаал цуглааныг өөрт ашигтайгаар эргүүлэхээр оролдсон улстөрчдийн царайнаас тод харагдсан. Сонгуулийн халуурал, дэмийрэл үүнээс хойш улам л гаарна уу гэхээс намжихгүй. Улстөржиж, гол өрсөлдөгчөө муухай харагдуулах эрэлд улс төрийн нам, хүчнүүд гарах нь дамжиггүй. Засгийн газрын тэргүүнээр ажилласан хэвээр байвал танхимын гишүүдийн алдаа оноог У.Хүрэлсүхэд наана. БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл, УУХҮ-ийн сайд Г.Ёндон, Соёлын сайд С.Чулуун, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар гээд алдаа олж ядах зүйлгүй бэлэн хүмүүс танхимд нь бий. Харьцангуй цэвэрхэн хоёр сайдаа явуулчихаад эднийг хамгаалаад суух уу, нэг нэгээр нь сугалаад байх уу гэдэг хэцүү асуудал тулгарна. Түүнээс гадна цар тахалтай хийх тэмцэл, бусад олон “дайн” нь төдийлөн сайн үр дүнд хүрэхгүй байгаа, олон хоног хоригдож, аж амьдрал нь доройтсон иргэдийн бухимдал хоолойд тулсан гээд дурдаад байвал У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар тэсрэх бөмбөгөн дээр сууж буйгаас ялгаагүй. Ийм нөхцөлд өдөр хоног өнгөрөх тусам түүнд ашиггүй болж, өнгөрсөн хугацаанд бий болгосон рейтингээ үрж дуусгах, аягүйдвэл шившигтэйгээр огцрох эрсдэл холгүй.
Ийм л цаг үед У.Хүрэлсүхэд яг одоо огцрох, бүр баатар болж үлдэх завшаан гарав. Коронавирусийн халдвар авсан нь шинжилгээгээр илэрсэн нялх биетэй ээжийг идэр есийн хүйтнээр гадуур хувцасгүй авч явсан эмнэлгийн ажилтнуудын харгис үйлдлийн төлөө хариуцлага нэхсэн иргэдийн шаардлагыг тэр овжиноор ашиглалаа. Шадар сайд Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар доод шатны албан хаагчдын ажилдаа гаргасан алдаанд хариуцлага хүлээн огцрохоо мэдэгдэж, Ерөнхий сайд “Тэгвэл танхимаараа огцоръё” гэв. Энэ үеэр нь “Шадар сайд Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар огцрохоо мэдэгдэхэд Ерөнхий сайд У.Хүрэлсүх тун хүндээр хүлээж авсан. Тэр “Хүнд үед галан дунд ажиллаж буй хоёр сайдаа явуулчихаад юу бодож суух вэ. Ийм эрсдэлтэй нөхцөлд энэ хүнд ачааг хэн үүрэх юм. Би нөхдөө явуулчихаад сугарч үлдэхгүй. Хариуцлага хүлээвэл хамт хүлээнэ” хэмээн тун их бухимдсан бөгөөд Төрийн ордон дахь ажлын өрөөндөө шөнө дүл болтол суугаад Их тэнгэр дэх гэр лүүгээ явсан.
Тэгээд өглөө эрт Засгийн газрын ээлжит бус хуралдаан зарлаж, танхимаараа огцрох санал гаргасан” гэсэн бор шувуу ч улстөрчдийн зүгээс нисэв. Үүнийг нь сонссон олон нийт У.Хүрэлсүхийг бараг л үндэсний баатрын хэмжээнд аваачиж байна. Олон жилийн өмнө “Эхнэрээ эмчлүүлэх хэрэгтэй байгаа тул УИХ-ын гишүүнээс чөлөөлж өгнө үү” гээд алга болсон үеийнхээс нь ч илүү оновчтой нүүдэл болов.
У.Хүрэлсүхийн Засгийн газраа огцруулах саналыг Засгийн газар, МАН-ын Удирдах зөвлөл, УИХ дахь МАН-ын бүлэг, УИХ-ын байнгын хороо, нэгдсэн чуулган гэрлийн хурдаар хэлэлцэн дэмжив. Ерөнхийлөгч Х.Баттулга чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож, дэмжихгүй гэдгээ илэрхийлснээс өөрөөр Засгийн газрыг огцруулахыг эсэргүүцсэн хүн байсангүй гэхэд болно.
Ийнхүү У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн сонгуульд шуудрав. Ингэхдээ өнгөрсөн жилүүдэд гар, сэтгэл нийлж ажилласан Ерөнхийлөгч Х.Баттулгатай дайн зарлаж буйгаа, түүнд итгэл үзүүлэх, эсэхийг УИХ-аар хэлэлцүүлэхээ ч илэрхийлнэ билээ. У.Хүрэлсүх огцорч, Ерөнхийлөгчийн сонгууль эхлэв.