УИХ-ын чуулганы хуралдаанаар У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдын албан тушаалаас огцруулах асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор Ерөнхийлөгч чуулганы танхимд үг хэлэхдээ "Ерөнхий сайд асан Сү.Батболдын удирдсан бүлэг төрийн эргэлт хийж байна" гэсэн юм.
Тэгвэл үүнд УИХ-ын гишүүн С.Батболд хариулт өгөв.
Тэрбээр "Эв нэгдлийг илэрхийлэгч хүн маань УИХ-ын индэр дээрээс Оюутолгойтой холбож намайг гүтгэлээ. Оюутолгойн гэрээг байгуулахад би Ерөнхий сайдаар ажиллаж байгаагүй. Харин манай Засгийн газар зээлийн хүүг бууруулах, татварын гэрээг нь 20 хувь болгон нэмэгдүүлэх өөрчлөлтийг гэрээнд оруулж байсан.
Ерөнхий сайдын хэлж байгаатай санал нэг байна.
Бие биенээ хардах эрхтэй, шалгах хэрэгтэй. Оюутолгой, Төмөр замын төслийг нээлттэй шалгаж, иргэддээ нээлттэй мэдээлэх хэрэгтэй.
Миний хувьд төрөөс хулгай хийх ямар ч шаардлагагүй хүн. Өрхөө засчихаад төрдөө ажиллаж байгаа. Ам үдээстэй байсан олон асуудал дээр ярих боломж олгож байгаад баяртай байна. Цаашид баримттай нь дэлгэрэнгүй ярих болно.
Ичсэн хүн хүн ална гэж яагаад ийм байдалд оров оо гэдгээ дүгнэхийн оронд бусад руугаа буруугаа чихэж, гүтгэж байдаг.
Намайг Оюутолгойтой холбосон гүтгэлгийг гадны хувийн байгууллагаар хийлгэж, гадна дотнын шүүхэд өгөөд, намайг танилцуулах эрхийг нь хаачихаад, гадны хэвлэлээр цацаж байгаа бохир технологийг хэн хийж байгаа нь тодорхой.
Засгийн газрын тэргүүний ухамсартай, хариуцлагатай алхмыг дэмжиж байна.