Ерөнхий сайд танхимаараа огцорно гэдгээ ил шулуухан зарлалаа. Эл мэдэгдлээ хийхдээ “Монголын Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2020 оны нэгдүгээр сарын 20-нд болсон ард түмний сайн дураар нэгдсэн тайван жагсаалын дундуур орж, ард түмнийг үймээн самуунд турхирч, хөрөнгө санхүүжилт өгч, улс төлжүүлэх гэж оролдсон” гэв. Улмаар цаашдаа ч зохион байгуулалттай олон нийтийг өдөөн хатгах үйл ажиллагаа төлөвлөхийг үгүйсгэхгүй. Монгол Улсын Ерөнхийлөгч эв нэгдлийн бэлгэ тэмдэг байж, үүнийгээ хамгаалах үүргээ гүйцэтгэхээс хойш сууж, зөвхөн сонгуульт ажилдаа зориулж улс төрийн оноо авах гэсэн хийлээ.
Тиймээс ч шинэ Үндсэн хуулийн дагуу Ерөнхийлөгчид хариуцлага тооцох ёстой гэж хэлсэн нь олны анхаарлыг татав. Энэ нь өдгөө АНУ-д өрнөж буй Трампын импичмент буюу эгүүлэн татах акцтай адил дүр зураглалаар Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх улс төр хийх замыг нээв. Ерөнхийлөгчийн бүрэн эрх нь дуусахаас өмнө эгүүлэн татсан тохиолдол манай улсад гарч байгаагүй ч Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Борис Ельцинийг импичмент хийх оролдлого хийж байсан, Перугийн Ерөнхийлөгчийг эгүүлэн татсан гэх мэт жишээ цөөнгүйг дурдаж болно. Ерөнхий сайдын хэлсэн үгийг МАН-ын гишүүд дэмжиж Х.Нямбаатар бүр импичмент гэдэг үгийг хүртэл хэрэглэв. Ерөнхийлөгчийг импичмент хийж, эгүүлэн татах эрх нь УИХ-д бий. УИХ-д МАН нам үнэмлэхүй олонх байгаа уг нам энэ үед эвлэлдэн нэгдвэл Ерөнхийлөгчийг татан унагаах бяр гарахгүй гэх газаргүй. Харин Ерөнхийлөгчийн зүгээс Ерөнхий сайдын өргөдлийг хэлэлцэх үеэр УИХ-ын чуулганы танхимд ирж үг хэлэхдээ уг жагсаалд өөрийн оролцоо байгаагүйг илэрхийлж, харин ч уг жагсаал МАН, тэр дундаа Сү.Батболдын тоглолт байсныг онцоллоо. Уг мэдэгдлээ хийхийн өмнө тэрбээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг хуралдуулах гэж оролдсон ч нөгөө хоёр гишүүн буюу Ерөнхий сайд, Улсын Их Хурлын дарга оролцохоос татгалзсан байх магадлалтай. Энэ өнцгөөс харвал уг жагсаалыг ашиглаж өндөр оноо авч, Ерөнхийлөгчийн рейтингийг унагааж, хариуцлага тооцох гэсэн дээрх оролдлого нь МАН-ын пи ар байж магадгүй юм. Ямартай ч өөрчлөлтийг хүссэн залуусын хүсэл зорилго аль нэг талын Ерөнхийлөгчийн сонгуулийг угтсан улс төр болоод дуусаж байгаа нь хамгийн эмгэнэлтэй. 33 тэрбумын хэрэг, “Энх Саран” сувиллын үнэн төрхийг харуулсан залууд хэрэг үүсгэсэн, ковидын үеийн хүний эрх бүгд Ерөнхийлөгчийн сонгуулийн тоосонд дарагдах нь.