14.00 цаг. Улаан, ногоон, цэнхэр гээд өнгө өнгийн чарга хөлөглөсөн хүүхдүүд ийш тийш давхилдана. Нөмөрлөх уул, толгод, барилга, байгууламж үгүй, голтой ойр учраас тэр үү, жавартай гэж жигтэйхэн. 10 минут хэртэй гадаа зогсоход л хүйтэн салхи хайр найргүй “алгадаж”, тэвдүүлж байв. Харин хаа нэгтэйгээс худалдаж авсан, эсвэл гэртээ удтал хадгалсан чарганыхаа хэргийг гаргаж буй багачууд энэ хүйтнийг анзаарахыг ч хүсэхгүй байгаа гэлтэй бужигнана. Хайруу өвлийн хүйтэн жаварт хүүхдүүдээ дааруулчих вий гэж болгоомжилсон эцэг, эхчүүд ч өөд, уруугүй машинтайгаа сүнгэнэлдээд завгүй. Довцгийн оройгоос хүүхдүүд гулгах болгонд мөн тооны автомашин тэднийг алсуур дагалдан явах аж. Чаргатай жаалуудыг хүйтнээс хамгаалж, алхуулж зутраахгүй гэсэндээ өөд нь зөөж, дөтөлж байв. Машинтай хүмүүс гул
галтын замаас алсуур явахыг хичээх ч нэгэнт саадгүй зорчих эрчээ авсан чарганууд энэ болгоомжлолыг нь зөрчсөөр. Энэ бүхнийг ажиглаж зогсоход хүртэл дэндүү эрсдэлтэй, түгшүүртэй.
15.30 цаг. Хүмүүс нэмж ирсээр хөл хөдөлгөөн дориун ихэссэн энэ үед нэгэн чаргатай зорчигч машинтай мөргөлдөв. Азаар тухайн машин хөдөлгөөнгүй, зогсож байсан тулдаа гайгүй өнгөрчээ. Хүмүүсийн анхаарал хэсэг хугацаанд тэр үйл явдалд төвлөрч, сандралдаж байсан ч хэдхэн хормын дараа мартацгаалаа. Хүүхдүүд шуугилдаж, чарга, автомашин сүлжилдэж, хөлхөлдсөн хэвээр.
Осол гаргасан хүүгээс болсон явдлыг тодруулахад “Бэртэж, гэмтээгүй ээ. Чарга минь л (хуванцар) цуурчихлаа. Уг нь би чаргаа чиглүүлээд, гоё явж байсан юм. Машин руу ойртох үед хурдаа сааруулж, чиглэлээ өөрчлөх гэж үзсэн ч дийлсэнгүй. Хойшоо гэдийгээд, хөлөө газарт тулах гэж оролдсон биш нүүр, нүд рүүгээ баахан цас цацлаа” гээд хээвнэг инээмсэглэсэн. Харин түүний эгч “Их айлаа. Азаар гайгүй өнгөрчээ. Одоо болно гэхээр үг авахгүй, дахиж гулгаад байх юм. Ээж, аав чинь мэдвэл чи, бид хоёрыг дахиж ийшээ явуулахгүй дээ” хэмээн үглэж байв.
Энэ явдал өнгөрсөн ням гарагт Налайхад болсон юм. Хотын утаанаас хол, хүний хөдөлгөөн сийрэг газарт агаарлах, гулгах зорилготой гэрээсээ гарсан бид яван явсаар тэнд очлоо. Гэвч өнөөх шилж сонгосон газар минь хэсэгхэн хугацааны дараа наадмын дэнж аятай алаглаж, хүний хөлд дарагдчихав. Ер нь ийм дүр зураг замд хаа сайгүй харагдсан. Уулын ам болгон “эзэдтэй”. Гулгаж болохоор довцог, толгод бүхнийг чаргатай “арми” эзэлжээ. Юун цар тахал, халдвар хамгааллын дэглэм, хоорондоо зай барих манатай. Айдгаа авдартаа хийчихсэн мэт амар амгалан, аз жаргалтай хүмүүс уулаар нэг байна.
УОК, Засгийн газрын шийдвэрээр бүх нийтийн бэлэн байдлын зэргийг энэ сарын 11-нээс сулруулсан. Ингэснээр нийтийн тээврийг энгийн цагийн хуваарийн дагуу явуулж, автомашинтай иргэд замын хөдөлгөөнд ямар нэг хязгаарлалтгүй оролцох болсон билээ. Үүнийг дагаад агаарт гарах зорилгоор хотын ногоон бүсэд зорчих, уул ус бараадах иргэдийн тоо эрс ихэсжээ. Богдхан уул, тэр дундаа Баруун ширээт, Цэцээ гүн, Тэнгэр хад зэрэг явган аяллын чиглэл, Их болон Бага тэнгэрийн ам, Хүрэл тогоот, Туул гол амралтын өдрүүдэд олны хөлд дарагдаж байна. Тиймээс хүн сийрэг, хөдөлгөөн бага газарт очих гэсэн иргэд Тэрэлж, Налайх гэхчлэн хотоос зайдуу бүс рүү явж салхилах нь мөн л нэмэгдсэн гэнэ.
Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны мэргэжилтэн “Бид зэрлэг амьтдад зориулсан биотехникийн арга
хэмжээ тогтмол авч байна. Энэ үеэрээ иргэдэд сэрэмжлүүлэг түгээж байгаа. Зорчих хөдөлгөөн өмнөх жилүүдийнхээс нэмэгдсэн. Халдвараас хамгаалах дэглэм үйлчилж буй, түүнчлэн халтиргаа гулгаа ихтэй, ууланд алхахад эрсдэлтэй үе учраас зориулалтын хувцас хэрэгсэлгүй, мэргэжлийн бус хүмүүст өндөрлөг, хад чулуутай газарт аль болох зорчихгүй байхыг анхааруулдаг. Гэсэн ч нөлөөлөхгүй л байна” хэмээсэн юм. Харин Баянзүрх дүүргийн XI хорооны нутаг, Хүрэл тогоотын ам, “Скай ресорт” орчмыг хариуцдаг хяналтын цэгийн ажилтан “Цанын бааз ажиллахгүй (өнгөрсөн ням гараг), Одон орон, геофизикийн хүрээлэнгийн үйл ажиллагаа ч зогсонги байгаа тул энэ чиглэлд хөдөлгөөн хязгаарлаж байгаа. Эндхийн ажилтан, оршин суугчдыг л бичиг баримтыг нь үндэслэж нэвтрүүлдэг. Гэвч ойрын өдрүүдэд ийшээ ирэх машины цуваа тасрахгүй байна. “Хүүхдээ салхилуулах гэсэн юм”, “Хэсэгхэн хугацаанд
гулгаж байгаад явъя” гээд элдвээр гуйдаг. Тэр болгонд нь учирлаж хэлээд явуулж байгаа. Цанын бааз үйл ажиллагаагаа эхлүүлэхээр бөөн хүн цуглах нь” хэмээн ярив.
Коронавирусийн халдварыг дотооддоо бүртгэсэн үеэс хойш буюу гурван сар орчмын хугацаанд гэртээ бүгсэн нийслэлчүүд ийнхүү уушгиа баярлуулж, урьдын адил “тарвалзах” боллоо. Гэвч энэ эрх чөлөөг дагаад эрсдэл, аюул тэр хэрээр ихсэж буйг иргэд үл ойшоосоор байгаа нь харамсалтай. Цар тахал хөвдний түймэр шиг л тархдаг. Тиймээс хүн олноор цугларах нь дэндүү аюултай гэж мэргэжлийн судлаач, эмч нар өдөр бүр шахам анхааруулсаар атал нийслэлчүүд цэвэр агаарт гарах нэрийдлээр түгжрэл үүсгэн ууланд шамбааралдсаар байна. Амны хаалтгүй хүүхэд ч өчнөөн харагдсан.
Цана, чаргаар гулгах үедээ гэмтэж, бэртэх хүүхдийн тоо ч энэ өдрүүдэд нэмэгдэж, ГССҮТ-ийн ачаалалд “хувь нэмэр” оруулах болжээ. “Чингисийн хүрээ” жуулчны баазын ойролцоо гулгаж байсан долоон настай охин автомашины доогуур орж, хөнгөн гэмтсэн тохиолдол саяхан гарсан. Бэлд зогсож байсан хүүхэд төмөр чарганд дайруулан ухаан алдсан хэрэг өнгөрсөн ням гарагт “Буянт-Ухаа” орчимд болсон нь олон нийтийн сүлжээнд шуугиан дэгдээв. Зориулалтын зам, тусгаарлалт байхгүйгээс хаа сайгүй машин, чарганы холимог “уралдаан” болж, иргэд, ялангуяа бага насны хүүхдүүд эрүүл мэндээрээ ийнхүү хохирсоор байна. Зарим нь хүүхдүүдээ зугаацуулахын тулд чаргыг нь машинаараа чирэх, мөсөн дээр дрифт хийх зэргээр эрсдэлд оруулж болзошгүй байгааг цагдаагийн байгууллагынхан анхааруулах болов. Ойрын өдрүүдэд болсон эдгээр үйл явдлаас улбаатайгаар эцэг, эхчүүд “Хүүхдэд ээлгүй Монгол”, “Нийслэлд “Скай ресорт”- оос өөр хүүхэд гулгах зориулалтын газар алга”, “Манай улс хүүхдийн төлөөх бодлогоо гээгдүүлсэн” хэмээн шүүмжилж, төр, засгаа буруутгаж эхэллээ. Үүнийг үгүйсгэх аргагүй. Үр хүүхдээ агаар, салхинд гаргачих юм сан гэх эцэг, эхчүүдийн сэтгэлийг ойлгож байна. Гэхдээ цар тахлын аюул намжаагүй, онцгой сэрэмжтэй байх ёстой энэ үед олны бужигнаан, автомашины хөлхөөн дунд чарганд хүүхдээ даатгадаг хүмүүсийг яагаад ч зөвтгөж чадахгүй нь. Төр, засаг, улс нийтээрээ цар тахалтай тэмцэж буй нөхцөлд эцэг, эхчүүд өвлийн цогцолбор, зориулалтын ордон нэхэхээс илүү хүүхдээ халдвараас хэрхэн хамгаалахад анхаарах нь тохиромжтой. Цэвэр агаар чухал ч амь нас, эрүүл мэндээ эрсдэлд оруулан байж уул руу, цас руу зүтгэх хэрэгтэй юү гэдгийг бодолцох, алхам тутамдаа анхаарал сэрэмжтэй байх урьд урьдынхаас илүү хариуцлагатай цаг үед амьдарч байгаа билээ, бид.