Нийслэлийн прокурорын газраас БНСУ-ын хөрөнгө оруулалттай "Сүнжин гранд" зочид буудлын дэд захиралд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн шүүхэд шилжүүлжээ. Тус зочид буудалд наймдугаар сарын 26-ны үдэш Солонгосын иргэн Ким Юү Сог, Юү Мон Жин нар манай улсын иргэн Я, Э нарыг зодож толгойд нь гэмтэл учруулсан юм.
Уг асуудалд Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийн ажилтнууд эрүү үүсгэн шалгаж байгаад улмаар Улсын мөрдөн байцаах газрын Онц хүнд зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтэст шилжүүлсэн аж. Ким Юү Сог нь “Сүнжин гранд” зочид буудлын дэд захирлын алба хашдаг нэгэн.
Тэрбээр мөрдөн байцаалтын явцад энэ хэрэгт холбогдолгүй хэмээн тайлбарласан ч нотлох баримт, хохирогч нарын мэдүүлгээр гэм буруутай нь нотлогдож буй гэнэ. Тиймээс түүнд Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлд зааснаар бүлэглэн танхайрч, бусдын биед хүнд гэмтэл учруулсан гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн байна.
Харин Юү Мон Жинийг дээрх үндэслэлээс гадна танхайрсан гэж үзжээ. Тэдэнд холбогдох хэрэгтэй Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгч танилцаад энэ сард багтаан хэлэлцэхээр болж буй гэнэ.
Г.ОРЧЛОН