“Юнивишн” компанийн IPTV үйлчилгээнд оны өмнөхөн буюу арванхоёрдугаар сарын 29-нд системийн гэмтэл гарсан. Тухайн компани хэрэглэгчдээсээ хүлцэл өчиж, “Манай компанийн инженер, техникийн алба гэмтлийг засварлахаар шуурхай ажиллаж байна. Гэмтэл засагдаж хэвийн болмогц эргэн мэдээлэх болно. Хэрэглэгч та бүхэнд хүндрэл учруулсанд хүлцэл өчье” хэмээн мэдэгдэл гаргасан билээ. Тийм хэдий ч “Юнивишн” компанийн үйлчилгээ заримдаа доголдсон хэвээр байгаа бололтой. Иргэн Д манай редакцад хандаж, “Юнивишн” компанийг шүүмжилж, алдаагаа давтсан хэвээр байгааг хэлэв. Хэрэглэгч, уншигчийн гаргасан гомдлыг шууд мэдээлэхээсээ илүүтай, давхар төрийн байгууллага болон тухайн компаниас тодруулга авсан билээ.
“Юнивишн” компанийн хэрэглэгчид ихэвчлэн гурван зүйлд гомдол гаргадаг гэсэн. Нэгдүгээрт, интернэт байнга доголддог, хурд хэтэрхий удаан гэх санал хүсэлтийг ШӨХТГ-т ирүүлжээ. Хоёрдугаарт, багцын үйлчилгээтэй холбоотой гомдлууд цөөнгүй ирсэн. Гуравдугаарт, тухайн хэрэглэгчийн төлбөр болон НӨАТ-ын баримт, багцын сунгах, өсгөх бууруулахтай холбоотой гомдол их ирдэг
2020 оны арваннэгдүгээр сарын 11-нээс нийслэл даяар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Тухайн өдрүүдэд ШӨХТГ-т ирж буй гомдлын 76 орчим хувь нь харилцаа холбоо руу чиглэсэн буюу интернэт, IPTV, техникийн гацалт, интернэтийн хурд, үйлчилгээтэй хамааралтай хүсэлт өргөдөл, дуудлага мэдээлэл байсан гэнэ. Тиймээс ШӨХТГ-аас шуурхай шалгалт зохион байгуулж, хэрэглэгчдийн гаргаж буй шүүмж бодитой, эсэхийг нягталсан юм байна. Улмаар энэ төрлийн гомдол мэдээлэл ч багасжээ. Хатуу хөл хорионы өдрүүдэд бүх хүн гэртээ байсан. Тэр хэрээрээ гомдлууд тасралтгүй ирсээр байж. “Юнивишн” компанийн хэрэглэгчид ихэвчлэн гурван зүйлд гомдол гаргадаг гэсэн.
Нэгдүгээрт, интернэт байнга доголддог, хурд хэтэрхий удаан гэх санал хүсэлтийг ШӨХТГ-т ирүүлжээ
Үүний дагуу ШӨХТГ-аас “Юнивишн” компанийн төлөөллийг оролцуулан, интернэтийн хурд хэмжих багаж, хэрэглэлтэйгээр зарим айл өрхүүдэд очиж, хэмжилт хийх
хүсэлт гаргасан байна. Гэвч хатуу хөл хорионы үе таарсан учраас айлууд гаднаас ирсэн гэнэтийн “зочид”-ыг гэртээ оруулахаас татгалзсан байна.
Хоёрдугаарт,багцын үйлчилгээтэй холбоотой гомдлууд цөөнгүй ирсэн аж
“Юнивишн” багцаа байнга автоматаар сунгадгийг иргэд шүүмжилжээ. Жишээ нь, хэрэглэгчийн утас руу “Нэг сар үнэгүй хэрэглэх багц бэлэглэж байна” хэмээн мессеж илгээдэг гэх. Улмаар нэг сар өнгөрсний дараа үргэлжлүүлээд
тухайн багцаа гурван сараар автоматаар сунгаад, хэрэглэгчээс төлбөр авдаг юм байна. Хэрэглэсэн тул төлбөр өгөх нь зүйн хэрэг. Гол нь багцаа идэвхжүүлэхдээ хэрэглэгчээс зөвшөөрөл авахгүй, автоматаар сунгадагт иргэд гомдож буй.
Гуравдугаарт, тухайн хэрэглэгчийн төлбөр болон НӨАТ-ын баримт, багцын сунгах, өсгөх бууруулахтай холбоотой гомдол их ирдэг аж
ШӨХТГ-аас төлбөр, НӨАТ-тай холбоотой асуудлаа цэгцлэхийг албан ёсоор “Юнивишн”-дмэдэгджээ. Багцын төлбөрийн тухайд дараах бэрхшээл үүсдэг юм байна. Хэрэглэгч багцаа нэмэх хүсэлтээ “Юнивишн” компанийн лавлах руу хандаж гаргадаг. Өөрөөр хэлбэл, “35 000 төгрөгийн багцаа 45 мянгын багц руу шилжүүлье” хэмээн лавлахад хандаж IPTV үйлчилгээний горимоо өөрчлүүлж болно. Эргээд “Багцын горимоо өөрчилье, бууруулаад 35 000 төгрөгийн үйлчилгээ авъя” гэхээр лавлах утас руу хандах бус, “Заавал компанийн салбар дээр ирж үйлчилгээ ав”
хэмээдэг нь асуудал дагуулжээ. ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнээс хэрэглэгчдийн гомдлын мөрөөр хэрхэн ажилласныг тодруулахад “Юнивишн” компанийн төлөөлөлд гомдол ирсэн талаар албан ёсоор мэдэгдэж, өнгөрсөн арванхоёрдугаар сард хэд хэдэн уулзалт хийсэн. Улмаар ярилцсаны эцэст тухайн гомдолд дурдсан асуудлуудыг арилгах хугацаатай үүрэг өгсөн. Тодорхой хэлбэл, арванхоёрдугаар сарын 15-наас нэгдүгээр сарын 15-ны хооронд алдаагаа засах үүрэг өгсөн. Дурдсан хугацаа өнгөрсөн ч хариу ирүүлээгүй байна” гэх хариултыг өглөө.
Дээр дурдсанчлан ШӨХТГ-аас нэгдүгээрт, тухайн компанид асуудлыг мэдэгдэж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлсэн гэнэ. Хоёрдугаарт, тухайн асуудлыг шийдэх ямар хувилбар байгааг харилцан ярилцсан байна. Гуравдугаарт, албан шаардлага өгсөн аж. Албан шаардлагыг биелүүлэхгүй бол дараагийн авах арга хэмжээ нь зөрчлийн хэрэг үүсгэх, улмаар торгох аж. Гэхдээ торгох шийтгэхээ урьтал болгохоос илүүтэй хэрэглэгчийг хохиролгүй болгохоор хамтран ажиллаж буй гэсэн. Ямартай ч албан даалгаврын хугацаа дууссан боловч “Юнивишн” компанийн зүгээс ямар нэг хариу өгөөгүй байгаа гэнэ. Уг нь үйлчилгээгээ өөрчлөх, өөр компани сонгох эрх чөлөө иргэдэд бий. Өөрөөр хэлбэл, “Юнивишн”-ээс гадна “Скау медиа”, “ДДЭШ”, “Монгол сат”, “Олон суваг дамжуулах” зэрэг компани IPTV үйлчилгээ үзүүлдэг. Гэсэн ч эдгээрээс сонгох боломж хязгаарлагдмал гэдгийг зарим хүн хэлсэн.
Ингээд сонголтыг иргэдийн өөрсдийнх нь мэдэлд үлдээгээд “Юнивишн” компаниас авсан тодруулгаа хүргэе.
-“Байрны мөнгө, IPTV үйлчилгээний төлбөрөө хамт төлдөг боловч “Юнивишн” НӨАТ өгдөггүй. НӨАТ шаардаж, нэхсэн боловч намайг буруутгалаа. Заавал тухайн компанийн цахим хаяг руу нэвтрэх, бүртгүүлэх гэх мэт давхар ажил хийх болж байна. Энэ асуудлыг хэзээ цэгцлэх вэ” гэсэн асуулт ирсэн. Энэ асуудалд тодорхой хариулт өгч болох уу?
-НӨАТ-ын баримтын түүх харах болон баримтаа бүртгүүлэх хэд, хэдэн боломж байдаг. Хэрэглэгч утаснаасаа мессеж илгээгээд автоматаар НӨАТ-ын баримтаа бүртгүүлж (хялбар бүртгэл) болно. Мөн IPTV-ээсээ НӨАТ-ын баримтаа авч болох аргууд байдаг. Хэрэглэгч дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл манай веб сайт, Фэйсбүүк хуудас болон зурагтаасаа “Юнивишн хөтөч” цэснээс мэдээлэл авах бүрэн боломжтой.
-Цар тахлын үед зарим кино багц, контентоо нийгмийн хариуцлагын хүрээнд үнэгүй гаргаж болох уу гэсэн асуулт, санал цахим орчинд цөөнгүй байна. Иргэд цар тахал гарсан ч “Юнивишн”-ий мөнгөө бүрэн төлдөг гэжээ. Ийм боломж бий юу?
-IPTV-д байршсан дотоод гадаадын бүх контентыг “Юнивишн” компани бүтээдэггүй. Холливудын их зургаан студи болон Азийн кино студээс олон төрлийн нөхцөлөөр худалдан авах, түрээслэх хэлбэрээр хэрэглэгчдэд хүргэдэг. Иймээс кино, багц үнэгүй болгох нь нөгөө талдаа контент бүтээгч дотоод, гадаадын уран бүтээлчдэд ч мөн нөлөөлөх юм. 2020 оны хавар болсон эхний хөл хорионы үед бид боловсрол, танин мэдэхүйн контент бүхий “Гэрийн багш” цэсийг хоёр сар үнэгүй үзүүлж, холливудын шилдэг киноноос бүрдсэн багцыг мөн хоёр сарын турш 100 хувь үнэ төлбөргүй гаргасан. Үүнээс гадна зургаан сарын хугацаанд “ДДЭШ” компанитай хамтран “Музей үзэх моод” видео контентыг бүтээж хэрэглэгчдэдээ үнэ төлбөргүй хүргэж буй. “Юнивишн” компани ЭМЯ, МХЕГ, ХӨСҮТ, ЦЕГ, ХХЕГ, ОБЕГ, Зооноз өвчин судлалын төв зэрэг Улаанбаатар, орон нутгийн төрийн байгууллагад үнэ төлбөргүй интернэтийн шилэн кабель татах дэд бүтцийн ажлыг гүйцэтгэж төрийн байгууллага хоорондын онлайн харилцааг дэмжин ажиллаж байна. Тодруулбал, 2020 оны дөрөвдүгээр сард ОБЕГ-т 100 сая төгрөг хандивласан. 2020 оны арванэгдүгээр сараас эхэлсэн хатуу хөл хорионы үеэр “Юнивишн” компани хэрэглэгчдийн хүсэлтээр төлбөр төлөх хугацааг хоёр удаа хойшлуулж, мөн дэлхийн шилдэг кино контентыг 87, 86 дугаар сувгаар үнэ төлбөргүй хүргэж буй. Юнивишнийн багцад дагалдах эрхээрээ 5000 гаруй кинотой видео сангаас хэрэглэгч үнэгүй контент үзэх боломж үргэлж нээлттэй байдаг шүү.
-ШӨХТГ-т албан бичиг илгээж хэрэглэгчдийн гомдлыг судалж барагдуулна гэсэн байсан. Энэ албан бичигт дурдагдсан зүйлүүдийг хэрэгжүүлж чадсан уу. Хугацаа нь өнгөрсөн баасан гарагт дууссан юм билээ.
-Бид үйлчилгээгээ улам сайжруулах, хэрэглэгчийн хэрэглээний мэдлэг боловсролыг дээшлүүлэх чиглэлд ШӨХТГ-тай хамтран ажиллаж байна.
-Хэрэглэгч эзгүй үед автоматаар багцаа сунгадаг гэх гомдол их гардаг. Үүнд цэг тавина гэсэн байсан. Хэзээнээс хэрэгжүүлж эхлэх вэ?
-Кино багцын тухай хэрэглэгчдэд хүргэх мэдээллийн сувгийн тоог олшруулах, сануулга и-мэйл илгээх технологийн шийдлийг судлан тун удахгүй системдээ нэвтрүүлэхээр ажиллаж байна. Netflix, HBO GO, Hulu зэрэг дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн компаниудын мөрддөг олон улсын жишгийн дагуу багц автоматаар сунгагддаг ч, сунгахгүй цуцлах, нэг сар түрээсэлсний дараа дахиж автоматаар сунгахгүй байх гэсэн тохиргоонууд бий.
-Интернэтийн хурд сайжруулах тал дээр ямар шинэчлэл хийж байна вэ. Ер нь интернэтийн урсгалаа импортолж байгаа нь хүндрэл учруулдаг уу?
-Өмнө дурдсанчлан манай компани цар тахалтай тэмцэж буй төрийн байгууллагад боломжит бүх дэмжлэгээ үзүүлэн ажиллаж байна. Интернэтийн хурд гэдэг нь зөвхөн үйлчилгээ үзүүлэгч талаас гадна хэрэглээтэй холбоотой асуудлууд байдаг. Тухайлбал насжилт өндөр болсон төхөөрөмж ашиглах, Wifi төхөрөөмжийг буруу газар байршуулах, интернэтэд холбогдож буй төхөөрөмж (гар утас, компьютер) нь гацах, хандаж буй веб сайтын олон улс дахь сервер дээр нь гацалт үүсэх гэх мэт маш олон шалтгаан бий. Цар тахлын үед албан байгууллага онлайнаар ажиллан, цахим сургалтууд үргэлжилж, хэрэглэгчид нэгэн зэрэг интернэтэд холбогдож байгаа нь интернэт ачааллыг хоёр дахин өсгөж байна. Тийм хэдий ч энэхүү нөхцөл байдлыг дэлхийн бусад улсад үүссэн нөхцөл байдал, туршлагад үндэслэн урьдчилан тооцоолж, интернэт үйлчилгээнд системийн өргөтгөл хийсэн. Үүнийг дагаад төлөвлөгдөөгүй хөрөнгө оруулалт, зардал өссөн нь IPTV компаниудад ачаалал болж байгаа ч олон нийтийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж байна.