Эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэрэгт зохион байгуулагчаар, бүлэглэж оролцсон гэм бурууг нь цагаатгаагүй
Өнгөрсөн баасан гаргийн үдэш Улсын дээд шүүх онцлон анхаарууштай нэгэн шийдвэр гаргав. Ажлын өдөр дууссаны дараа, амралтын өдөртэй золгох шөнө дундлан гаргасан эл шийдвэр нь Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатад ял оноосон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хуулийн шаардлага хангаагүй гэсэн үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах тухай байлаа. Ингэснээр Ж.Эрдэнэбатын өмгөөлөгч болон эрх баригч хүчний нэр бүхий гишүүдийн туйлын ихээр хүсэж байгаачлан тэр УИХ-ын гишүүний тангаргаа өргөж, халдашгүй байдал хэмээх хана хэрмээр хамгаалагдах нөхцөл бүрдсэн гэж болно.
Дээд шүүхийн эл шийдвэрт дургүйцлээ илэрхийлэх хүмүүсийг “Шүүхээс таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсэн. Тэрбээр Орхон аймаг дахь ШШГЕГ-ын харьяа 437 дугаар хорих ангид ялаа эдэлж байгаа” хэмээн тайвшруулж буй харагдсан. Гэвч энэ байдал удаан үргэлжлэхгүй нь тодорхой. Дээд шүүхийн шийдвэр албажин, холбогдох хүмүүсийн гарт хүрэхэд тодорхой хугацаа шаардлагатай. Мөн эрх бүхий субъект эсэргүүцэл бичих, эсэхийг дахин хэд хоног хүлээх хуулийн хугацаа бий. Эдгээрийг өнгөртөл Ж.Эрдэнэбат хорих ангидаа байх бөгөөд хэргийг нь прокурорт шилжүүлэхэд түүнийг батлан даалтад гаргах нөхцөл бүрдэх юм. Ихдээ сар гаруйн дараа тэр наранд гарч, хаврын чуулган эхлэхэд УИХ-ын гишүүний тангаргаа өргөх болов уу.
Дээд шүүхийн эл шийдвэртэй зэрэгцээд Ж.Эрдэнэбат гэмгүй байсан нь нотлогдож, цагаадан суллагдаж буй мэт пиар олон нийтийн сүлжээнд идэвхтэй явж буй. Угтаа Дээд шүүхийн шийдвэр Ж.Эрдэнэбатын өмгөөлөгч, МАН-ын нэр бүхий гишүүдийн удаа дараа тавьж буй УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдалтай холбогдож гарсан болохоос биш түүнийг гэм буруугүй гэж үзээгүй. Түрүүчийн парламентад сонгогдон ажилласан бүрэн эрх нь дуусаагүй, дараагийн УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхээ СЕХ-ноос авч, үнэмлэхээ өвөртөлсөн үед нь баривчилж, цагдан хорьсон нь хууль зөрчсөн гэсэн үндэслэлээр түүнийг суллуулахаар өмгөөлөгч болон УИХ дахь МАН-ын бүлгийн нэр бүхий гишүүд оролдож буй.
Монголын төр, парламентад урьд үзэгдээгүй, хожид ч битгий үзэгдээсэй гэмээр нэг биш жишиг тогтоож яваа Ж.Эрдэнэбат бол шоронгоос УИХ-д сонгогдсон ганц хүн. Хорихоос гарч, гишүүний тангаргаа өргөж гэмээнэ үйл явдал цааш хэрхэн өрнөж, ямар жишиг тогтоохыг таашгүй.
Дахин сануулахад, Дээд шүүх түүнийг гэм буруугүй гэж үзээд суллаж буй юм биш. Зарим нэгний ярьдагчлан тэр хилсээр хоригдоогүй. Түүний хийсэн хэрэг цагаан дээр хараар бичээстэй, албан тушаалаа урвуулан ашигласан шийдвэрүүд нь тамга, тэмдэг, гарын үсэгтэйгээ баримт болон үлдсэн.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ж.Эрдэнэбатыг “Улс төрд нөлөө бүхий этгээд өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт зохион байгуулагчаар, бүлэглэж хамтран оролцсон” гэсэн үндэслэлээр гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жилийн хугацаагаар хасаж, зургаан жил хорих ял оногдуулсан. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг зөв хэмээн үзэж, ялыг хэвээр үлдээсэн юм.
Түүнийг яагаад ийн буруутгасныг эргэн сануулахад илүүдэхгүй болов уу. Хариуцлагагүй, хяналтгүй уул уурхайн балгаар хойч үедээ үлдээх онгон дагшин байгальгүй болох вий гэсэн монгол хүн бүрийн зовнил төр, засгийн бодлогод биеллээ олж, газар нутгийнхаа 30 хувийг улсын тусгай хамгаалалтад авах бодлогыг Засгийн газар хэрэгжүүлсэн. Гэтэл энэ бодлогын сүүдэрт “лиценз угаах” хэмээх залилан, луйврыг цэцэглүүлсэн хүн нь тухайн үеийн Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат.
Тэр Тост, Тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авахдаа тухайн үед хүчинтэй байсан “Эм Эф Ай” компанийн XV012472 дугаартай “Дэлийн хяр”, “Мөнхийн номхон далай” компанийн ХУ013109 дугаартай “Шаван уул”, “Намуунтод” компанийн ХХ013108 дугаартай “Тост-1”, мөн компанийн XV013107 дугаартай “Дэрст толгой”, “Элбэг орд” компанийн ХУ014145 дугаартай “Улаан сайр” тусгай зөвшөөрлийг тус тус цуцалсан. Ингээд Ашигт малтмалын тухай хуулийн “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөн олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсны үндсэн дээр улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбай болон энэ хуулийн 26.9-д заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болно” гэсэн заалтыг ашиглаж, дээрх компаниудад өөр газарт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл дүйцүүлэн олгосон.
Энэ шийдвэрийг Ж.Эрдэнэбат 2017 оны есдүгээр сарын 13-нд буюу Засгийн газрын тэргүүнээс огцорч, үүрэг гүйцэтгэгчээр ажиллах байх үедээ гаргасан байдаг. Түүнийг есдүгээр сарын 7-нд Ерөнхий сайдын албанаас огцруулсан. Огцронгуутаа Нөхөн олговрын зориулалтаар олгох тусгай зөвшөөрлийн талбайн солбилцол тогтоох тухай Засгийн газрын 256 дугаар тогтоолыг яаран сандран батлахдаа “Элбэг орд” компанийн “Улаан сайр” нэршилтэй талбайн тусгай зөвшөөрлийн оронд нь Өмнөговь аймгийн Хүрмэн сумд XV020923 дугаартай “Улаан сайр 1”, Өмнөговь аймгийн Гурвантэс сумд XV020922 дугаартай “Улаан сайр 2” гэсэн хоёр тусгай зөвшөөрөл өгсөн. Тус компанид тодорхойгүй шалтгаанаар бонус болгосон XV020922 дугаартай тусгай зөвшөөрөл удалгүй Ж.Эрдэнэбатын төрсөн дүүгийн эзэмшлийн компани руу шилжиж, улмаар “Алтай констракшн”-ы гэдгээр нь илүүтэй мэдэх Х.Бат-Эрдэнийн шинээр үүсгэн байгуулсан “Бэст майнинг” компани руу “гулссан” нь нэгэнт тодорхой болсон.
Экс Ерөнхий сайдын их нигүүлслийг хүртсэн өөр нэг компани нь “Азаргын гол чонот”. Тус компани Булган аймгийн Тэшиг сумын нутаг Азаргын голд MV-013927, XV-012443, XV-013926, XV-013490 дугаартай тусгай зөвшөөрлүүдийг эзэмшиж байв. Тус компани 2007 оноос эхлэн энэ онцгой байршилтай алтны шороон ордод олборлолт хийхдээ хариуцлагагүй уул уурхай ямар хор хөнөөлтэйг, хуулийг хэрхэн зөрчиж болдгийг, байгаль орчныг яаж сүйтгэдгийг тод харуулсан. “Урт нэртэй” хууль батлаад ч “Азаргын гол чонот” хамжааргад ороогүй тул УИХ-ын 2011 оны тавдугаар сарын 5-ны тогтоолоор тус компанийн эзэмшиж байсан тусгай зөвшөөрлүүдийн талбайг бүгдийг нь дархан цаазат газрын ангиллаар улсын хамгаалалтад авсан. Хууль тогтоох дээд байгууллага ийм шийдвэр гаргасан тул Ашигт малтмалын газрын дарга 2012 оны дөрөвдүгээр сарын 30-ны тушаалаараа “Азаргын гол чонот”-ын дөрвөн тусгай зөвшөөрлийг бүгдийг нь хүчингүй болгожээ.
Хамгийн хачирхалтай нь, нэгэнт нөөцийг нь олборлож дууссан, эрх бүхий байгууллагын шийдвэрээр хүчингүй болсон “Азаргын гол чонот” компанийн дөрвөн тусгай зөвшөөрлийн хоёр нь тодорхойгүй байдлаар “амь орж”, Ж.Эрдэнэбатын Засгийн газрын 2017 оны есдүгээр сарын 13-нд гаргасан 256 дугаар тогтоолд хамрагдсан байдаг. Уг хоёр тусгай зөвшөөрлийн оронд наймыг нөхөн олгох шийдвэрийг Ж.Эрдэнэбат гаргасан. “Азаргын гол чонот”-ыг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хамаарал бүхий компани гэдэг бөгөөд түүний найз, хамаг “хар, бор” ажлыг амжуулдаг хэмээгддэг Б.Отгонбаатар Ж.Эрдэнэбаттай ижил үндэслэлээр, адил зүйл ангиар шийтгүүлээд байсан билээ.
Эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах явдал Монголын төрд хавтгайрсны нэг жишээ нь Ж.Эрдэнэбат. Одоо тэр батлан даалтад гарч, УИХ-ын гишүүний тангаргаа өргөөд, дараа нь шийтгэлээ үргэлжлүүлэн үүрэх үү. Эсвэл УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдлын ард нуугдаж хэргээ замхруулдаг олон жишээний нэг болоод дуусах уу. Хэрэв Ж.Эрдэнэбатын хэрэг хэрэгсэхгүй болох ч юм уу өмнөхөөсөө өөрөөр шийдэгдвэл анхан болон давж заалдах шатны шүүгчид буруу шийдвэр гаргасан гэж үзэх үндэслэл бүрдэнэ. Ингэвэл шүүгчдэд хариуцлага тооцох уу гэх мэтийн асуултууд үргэлжилэх нь.