Шүүхийн биe даасан байдал, шүүгчийн хараат бус байдлыг бэхжүүлэх, шударга шүүхээр шүүлгэх иргэний эрхийг баталгаажуулах, шүүхийн үйлчилгээг хүртээмжтэй болгох, шүүх эрх мэдлийн эрх зүйн орчинг боловсронгуй болгох зорилгоор Ерөнхийлөгч хийгээд Засгийн газраас тус тусдаа хуулийн төсөл боловсруулж олон нийтээр хэлэлцүүлсэн. Эцсийн дүндээ Монгол Улсын Засгийн газраас буюу ХЗДХЯ-ны ажлын хэсгийн боловсруулсан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аас 96.2 хувийн саналаар баталлаа. Хуулийг 2021 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхмийн багш Т.Мөнх-Эрдэнэтэй хууль батлагдсантай холбоотойгоор зарим асуултад хариулт авлаа.
- Шүүхийн тухай хууль батлагдчихлаа. Хуульд тусгасан хамгийн дэвшилттэй заалтын талаар ярилцлагаа эхлүүлэх үү?
-Юуны өмнө, олон нийтэд болон мэргэжлийн хүрээнийхэнд санал бодлыг маань сонсгох боломж олгосонд баярлалаа. Засгийн газрын өргөн барьсан Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өнөөдөр УИХ баталлаа. Анх энэ хуулийг боловсруулж, өргөн барих үйл явц хоёр тусдаа хуулийн төслөөр эхэлсэн. Тодруулбал, Засгийн газрын өргөн барьсан болон Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төсөл гэж. Явцын дунд Ерөнхийлөгч өргөн барьсан хуулийн төслөө татан авснаар Засгийн газрын өргөн барьсан төсөл үлдэж, хэлэлцлээ.
Шүүхийн тухай хуулийн зүйл заалтын асуудлуудаар болон Үндсэн хууль зөрчсөн байж болзошгүй бусад асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандах гэх мэтээр эрх зүйн асуудал болгон босгож тавих бүрэн боломжтой.
Нэгэнт харьцуулах төслүүд байсан, бас олон удаагийн мэргэжлийн хэлэлцүүлгүүд зохиосон тул Засгийн газрын анх өргөн барьсан төсөл, түүний үзэл баримтлал илүү баяжиж, дэвшилттэй сайн зохицуулалтууд орсон. Бас өмнөхөөсөө ухарсан зохицуулалтууд ч оруулаад баталчихлаа. Сайн зохицуулалтуудаас нь нэрлэвэл, Улсын дээд шүүхийн чиг үүргийг дэлхийн жишигт нийцүүлэх, шүүхийн нээлттэй, ил тод байдлыг нэмэгдүүлэх, шүүх эрх мэдлийн эдийн засгийн баталгааг сайжруулах, шүүхийг тойргийн зарчмаар ажиллах боломжийг нээх гэх мэт сайн зохицуулалтууд орсон.
-Та болон бусад судлаачид хуулийн зарим агуулгыг нэлээд эсэргүүцэх шиг болсон. Гэсэн ч зарчмын зөрүүтэй, Үндсэн хуульд харшилж ч мэдэхээр заалтууд хавчуулагдаад баталчихлаа. Энэ талаар байр сууриа илэрхийлж болох уу?
-Харамсалтай нь, тэглээ. Анхнаасаа Засгийн газрын өргөн барьсан төсөл харьцангуй хаалттай, хайрцаглагдсан байдлаар явж ирсэн. Сая баталсан хуульд жишээ нь, Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч биш гишүүдийг бүрдүүлэх зохицуулалт өмнөхөөсөө ухарсан шинжтэй, шүүх эрх мэдлийн хараат бус байдлыг бэхжүүлэх бус, харин эсрэгээрээ хууль тогтоох эрх мэдлээс бүрэн хараат болгоход чиглэсэн зохицуулалтууд орчихлоо. Энэ нь цаашдаа Үндсэн хуулийн зөрчил рүү хүргэнэ гэж харж байна.
- ШЕЗ, Сахилгын хорооны гишүүдийг УИХ-аас томилохоор болж байгаа нь шууд шүүхийн хараат бус байдалд нөлөөлөх хэрэг үү?
-Тийм. 2019 оны арваннэгдүгээр сарын 14-нд баталсан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт, түүний үзэл баримтлалын дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч биш таван гишүүнийг бусад институцээс тэнцвэртэй оролцооны үндсэн дээр нэр дэвшүүлэн, сонгон шалгаруулж томилох ёстой байлаа. Үүнийг Улсын их хурлын 2020 оны II тогтоол буюу Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай тогтоолын Хавсралтын III бүлэгт ч бас маш тодорхой заасан. Өөрөөр хэлбэл, хууль тогтоогчид өөрсдөө үзэл баримтлалын чиглэлийг өгчихсөн байсан гэсэн үг. Гэтэл энэ үзэл баримтлалыг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсэгт гардан ажилласан судлаачид нь ч сануулсангүй, II тогтоолыг баталсан гишүүд нь ч сануулсангүй. Уг үзэл баримтлалын дагуу төрийн эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа бусад институцээс нээлттэй нэр дэвшүүлэн сонгон шалгаруулж томилох ёстой байтал тэр бүх эрх мэдлийг УИХ-д шууд төвлөрүүлчихлээ. УИХ бол цэвэр улс төрийн байгууллага гэдгийг бид бүхэн мэднэ. Мөн УИХ дөрвөн жилээр сонгогддог, бүрэлдэхүүн нь яаж ч өөрчлөгдөж болдог, савладаг буюу тогтворгүй байгууллага. Ийм улс төрийн байгууллагад улс төрөөс хараат бус байх ёстой шүүх эрх мэдлийн чухал чиг үүргийг хэрэгжүүлдэг хоёр байгууллага болох Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны шүүгч биш таван гишүүнийг томилох эрхийг өгчихлөө.
-Том зургаар нь яривал энэ хууль шүүх эрх мэдлийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох гол зорилтоо биелүүлж чадав уу?
-Үндсэн хуульд зааснаар Шүүхийн ерөнхий зөвлөл бол шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилготой, хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг үүрэгтэй байгууллага. Гэтэл ийм зорилгыг хэрэгжүүлэх байгууллагын шүүгч биш таван гишүүнийг УИХ-д ялсан, эсвэл олон суудал авсан нам томилохоор болж байгаа нь яавч зөв биш. Мөн Үндсэн хуульд зааснаар Шүүхийн сахилгын хороо нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл ногдуулах чиг үүрэгтэй байгууллага. Гэтэл шүүгч нарт хариуцлага тооцох чухал бүрэн эрхтэй ийм байгууллагын шүүгч биш гишүүдийг мөн л УИХ-д ялсан, эсвэл олон суудал авсан нам томилохоор болж байгаа нь асар том ухралт, маш ноцтой сөрөг үр дагаврыг дагуулна. Үндсэндээ шүүх эрх мэдлийг УИХ-ын сонгуульд ялсан намын гарт атгуулсан хууль боллоо гэдгийг хэлье. Тиймээс би энэ хууль гол зорилтоо хангаж чадахгүй байх гэж таамаглаж байна. Цаг хугацаа харуулна даа.
-Өмнөхөөсөө дордуулсан, “цоорхой” хууль болчихлоо гэж харж байна уу?
-Хуульч, судлаачдын анхааруулж буй асуудлын хүрээнд авч үзвэл дордсон хууль боллоо. Гажуудал ихтэй байна. Тухайлбал дэлгэрүүлж ярья. УИХ-аас ШЕЗ, ШСХ-ны шүүгч биш гишүүдийг томилохдоо Ажлын хэсэг гаргаад бүх юм сайн болно гээд зарим хүмүүс яриад байна. Үнэндээ энэ механизмыг Хүний эрхийн үндэсний комиссын гишүүдийг томилохдоо ашигласан юм л даа. Гэтэл Хүний эрхийн үндэсний комисс гэдэг тийм ч их эрх мэдэлтэй байгууллага биш. Соён гэгээрүүлэх, хүний эрхийн ухамсар түгээдэг байгууллага. Харин шүүх эрх мэдэл бол төрийн гурван эрх мэдлийн нэг салаа нь шүү дээ. ХЭҮК-той эрх зүйн байдлаараа ч тэр, үйл ажиллагааны онцлогоороо ч тэр огт харьцуулагдахгүй. Харьцуулж болохгүй хоёр байгууллага дээр гишүүдийг томилох нэг арга хэрэгслийг хэрэглэхээр болж байгаа нь зарчмын том алдаатай болсон. Хэдий ажлын хэсэг шалгаруулж байгаа нэртэй ч эцсийн дүндээ томилох эрх мэдэл нь УИХ дахь намуудад л байна.
-Өөр ч гажуудал байгааг хуульчид нэлээд шүүмжилж байх шиг байна.
-Шүүхийн тухай хуульд ШЕЗ, ШСХ-ны гишүүдийг бүрдүүлэх асуудлаар бас нэг гажуудал байгааг хэлье. Юу гэхээр, ШЕЗ, ШСХ-ны шүүгч гишүүд нь хуульчид юм. Гэтэл шүүгч биш гишүүд нь хуульч биш, эрх зүйч байж болохоор заагаад өгчихсөн байгаа. Энэ бол маш том эрх зүйн зөрчил болно. Тухайлбал, нэгдүгээрт, эрх зүйн байдлаараа адил биш, ялгамжтай бүрэлдэхүүн ажиллахаар болж байна. Ингэснээр ШЕЗ, ШСХ-ны үйл ажиллагааны болон бүрэлдэхүүний легитим шинж нь байхгүй болно. Хоёрдугаарт, шүүгчид хариуцлага тооцох үндэслэлүүдэд мэргэжлийн зарим алдаа орж байгаа. Гэтэл үүнийг нь хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрхгүй, тийм мэргэжлийн үйл ажиллагаа явуулдаггүй эрх зүйч хүн шүүн тогтоох болчихсон байна. Өөрөөр хэлбэл, эрх зүйч хүн хуульч хүний мэргэжлийн алдааг тогтоож болохоор заажээ. Зүй нь, хуульч хүн хуульч хүнийхээ асуудлыг шүүн тунгаах учиртай билээ. Гуравдугаарт, яг энэ гажуудлыг ашиглаж ШЕЗ, ШСХ-ны шүүгч биш гишүүдэд УИХ дахь намууд "улс төрч-эрх зүйч" нарыг тавьж, шүүх эрх мэдлийг самууруулах боломжийг олгохоор болсон байна. Улс төрч-эрх зүйч нарт хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны дүрэм, стандарт огт тавигдахгүй учраас тэд "хүссэнээрээ" ажиллах, томилсон улс төрч нарынхаа захиас даалгаврыг гүйцэтгэх эрсдэлийг шууд нээгээд өгчихсөн байна. Ийм юм байж болохгүй гэдгийг манай нэрт эрдэмтэн, Үндсэн хуулийн эхийг баригч Б.Чимид багш нэгэнтээ “Их эмч хүн асрагчтайгаа шинжлэх ухааны нарийн мэргэжлийн асуудлаар маргаад байж боломгүй” гэж хэлсэн байдгийг сануулах нь зүйтэй байна.
- Энэ хуулийн зөрчил, гажуудлыг засах боломж бий юу?
-Нэгэнт баталсан учраас өнгөрсөн гэж үзэж болохгүй. Шүүхийн тухай хуулийн зүйл заалтын асуудлуудаар болон Үндсэн хууль зөрчсөн байж болзошгүй бусад асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандах гэх мэтээр эрх зүйн асуудал болгон босгож тавих бүрэн боломжтой. Төрийн эрх мэдэл хуваарилах, харилцан хяналт-тэнцэлтэй байх, шүүх эрх мэдэл бусад эрх мэдлээсээ хараат бус байх зэрэг Үндсэн хуулийн суурь зарчмуудыг ноцтой зөрчсөн буюу ийм илэрхий Үндсэн хуулийн зөрчилтэй хуулийг хүлээн зөвшөөрч болохгүй гэж судлаачийн хувьд үзэж байна.
Ярилцсанд баярлалаа.