ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн бага хурлаар өнгөрсөн 24 цагийн хугацаанд 16 800 хүнийг PCR шинжилгээнд хамруулснаас шинээр коронавирусийн 12 тохиолдол бүртгэгдсэнийг мэдээлэв. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Коронавирусийн батлагдсан тохиолдлын дөрөв нь “Мөнх хада” компанийнхны гэр бүлийн давтан шинжилгээгээр, найм нь Баянзүрх дүүргийн 12, 17 хорооны найман хүний шинжилгээнээс илэрсэн” гэв. Сүүлийн 24 цагийн хугацаанд Цэргийн төв эмнэлгээс 38 хүн, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгээс 14 хүн эдгэрч гарсан, гэрийн хяналтад байгаа гэнэ. Нийт 1491 батлагдсан тохиолдлоос 909 хүн нь эдгэсэн. Одоо 571 хүн эмчлүүлж буй аж. Тэдний хоёрынх нь биеийн байдал маш хүнд байна. Мөн 12 хүн хүнд, 72 хүн хүндэвтэр, 485 иргэний биеийн байдал хөнгөвтөр байгааг албаныхан хэлэв. Биеийн байдал нь маш хүн буй хоёр иргэний нэг нь 101 настай буурай, нөгөө нь хавдартай хүн гэнэ. Мөн нийт халдвар авсан иргэдийн дийлэнх хувийг 24-49 насныхан эзэлж байна. Коронавирусийн эмнэлзүйн шинж илэрсэн хүмүүс төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт 2-3 удаа очсон байна. Мөн ХСҮТ, “Энэрэл” эмнэлэгт ханджээ. Тиймээс Цэргийн төв эмнэлгийн 100 гаруй эмч, ажилтнаас авсан шинжилгээ авсан байна. Эмч ажилтнуудын шинжилгээний хариу сөрөг гарсан аж. ХСҮТ-ийн 21 хүнийг шинжилгээнд хамруулж, 10 хүн тусгаарласан гэнэ. “Энэрэл” эмнэлгийн 94 ажилтны шинжилгээний хариу ч сөрөг гарлаа. Батлагдсан тохиолдлуудын нэг нь Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтсийн алба хаагч байж. Тиймээс ойрын хавьтлын 100 цагдаагаас шинжилгээ авч, 10 хүн тусгаарлажээ. Үүнээс гадна нийслэлд идэвхтэй голомт болоод буй Баянзүрх дүүргийн XVII хорооны есөн гэр бүл, зэргэлдээ IX хорооны хоёр гэр бүл, Баянгол дүүргийн IV хорооны хэд хэдэн гэр бүлийг тусгаарлаж, өргөжүүлсэн тандалт хийж байгаа аж. Яг одоо Баянзүрх дүүрэгт 3000 хүнээс шинжилгээ авах ажлыг зохион байгуулж байна. Тэднээс 2000 нь сөрөг гарсан бол 1000 хүнээс шинжилгээ авах ажил үргэлжилж байна.