Монголын хөрөнгийн биржийн энэ оны эхний бүтээгдэхүүн, анхны хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг уржигдар, өчигдөр авлаа. Тодруулбал, “Инвескор актив ТЗК” компани жилийн 14.4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, улирал тутамд хүү төлөх нийт 10 000 ширхэг үнэт цаасаа тус бүрийг нь 400 000 төгрөгөөр олон нийт болон стратегийн хөрөнгө оруулагчдад санал болгосон юм. Өөрөөр хэлбэл, дөрвөн тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр төлөвлөжээ. Тэгвэл захиалгын хувь 199.6, үнийн дүн нь 7.98 тэрбум төгрөгт хүрснээр давж биеллээ.
Уг захиалгыг Монголын хөрөнгийн биржийн Үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны журмын тогтоосон үнийн аргаар авч, хуваарилалт хийхийг өмнө нь мэдээлж байв. Тодруулбал, үнэт цаасны танилцуулгад тусгаснаар А транчийн нийт 3.4 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 8500 ширхэг хувьцааны 50 хувьтай тэнцэх 4250 ширхгийг стратегийн хөрөнгө оруулагчдад, үлдсэнд нь олон нийтээс нээлттэй захиалга авна гэж байсан юм. Олон нийтээс худалдан авахаар ирүүлсэн захиалгын хэмжээ 4250 ширхгээс давбал хөрөнгө оруулагчдын 10 сая төгрөг хүртэлхийг бүрэн биелүүлж, үлдсэн хэмжээнд хувь тэнцүүлэх аж. Тэгвэл Б транчийн нийт 600 сая төгрөгийн үнийн дүн бүхий 1500 ширхэг үнэт цаасны 500 ширхгийг андеррайтер “Инвескор капитал ҮЦК”, 750, 250 ширхгийг нь анхны үүрэг гүйцэтгүүлэгч “Инвескор ББСБ” ХК, “Микро кредит ББСБ” ХХК худалдан авна гэж байв.
Бэлтгэсэн: Ц.Ундрал