Монгол Улсад коронавирусийн халдварын тохиолдол дотоодод илэрснээс хойш манайхан, танайхан гэж талцах байдал, зааг ялгаа илэрхий анзаарагдах болов. Үндсэндээ монголчууд хоёр сар гаруйн хугацаанд хөл хоригдлоо. Бүх нийтийн болон өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ээлжлэн шилжиж, Засгийн газраас гаргасан шийдвэр бүрийг иргэд үг дуугүй биелүүлсээр ирэв. Цар тахал, цаашлаад “дайны” гэж тодотгосон энэ хүнд цаг үед аюулт өвчнийг эрсдэл багатай даван туулахын тулд ард иргэд хамтдаа зүтгэж байна. Сүүлийн хоёр сар гэлтгүй өнгөрсөн жилийн хугацаанд ч бүх нийтээрээ “Ковид- 19”-тэй тэмцлээ. Ялах, ялагдах талаар ярихад одоохондоо эртэднэ. Харин Засгийн газар, Улсын онцгой комисс, эрүүл мэндийн байгууллага болон холбогдох газруудаас авч хэрэгжүүлсэн ажил энэ хугацаанд үр дүнгээ өгсөн үү. Иргэдийг гэрт нь байлгаж, хорио цээрийн дэглэм мөрдсөний үр нөлөө юу байв.
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед төрийн байгууллагуудын уялдаа холбоо сул, зохион байгуулалт тааруу байснаас Архангай аймгийн иргэн Н эмнэлгийн тусламж яаралтай авч чадалгүй 22-ын товчоон дээр нас барсныг хүмүүс мартаагүй. Ерөнхий сайд, Шадар сайд талийгаачийн ар гэрээс уучлал хүсээд л энэ хэрэг “хаагдсан”. Төрийн байгууллагууд уялдаа холбоо сайтай ажиллаж, хүний амийг нэн тэргүүнд тавьсан бол ийм харамсалтай явдал гарахгүй байв. Эмнэлгийн тусламж яаралтай авах шаардлагатай олон иргэн хөл хорионы улмаас эрүүл мэндээрээ хохирсон тохиолдол нэгээр тогтохгүй. Хөхний хавдартай эмэгтэй химийн эмчилгээндээ цаг тухайд нь орж чадаагүйгээс өвчин нь даамжирчээ. Бөөрний диализ эмчилгээ хийлгэх ёстой хүнийг замын хөдөлгөөнд оролцох QR зөвшөөрөлгүй хэмээн гэр лүү нь буцаасан тохиолдол ч гарсан. Хүний аминаас илүү чухал эл код нь хэдхэн хоногийн “настай”. Бэлэн байдлын зэрэглэл буурахтай зэрэгцээд хэрэггүй цаас болж хувирав. Энэ хугацаанд “Нарантуул” захын худалдаачид болон гуталчин, засварчин, барилгачин, үсчин, оёдолчин гээд өдрийн орлогоороо хоногийн хоолоо залгуулдаг иргэд гэртээ хоригдож, төрийн албаны эрх мэдэлтнүүд түгжрэлгүй зам дээр автомашиныхаа хурд хүчийг сорьсон гэхэд хилсдэхгүй. Иргэддээ шударга бус, тэгш биш байдлаар хандсан шийдвэрүүдийг Засгийн газраас нэг бус удаа гаргав. Цар тахлын үед иргэдийнхээ амьжиргааг дэмжих дорвитой шийдвэр гаргаагүй гэхэд буруудахгүй нь. Сар бүр нэг хүүхдэд 100 000 төгрөг олгож буй гэдгээрээ олон ч удаа “аврагдсан”. Түүнээс өөрөөр коронавирусийн үед иргэдийн амьжиргааг дэмжих, эрүүл мэндийг нь хамгаалахын хэрээр эдийн засгаа давхар “үүрэх” бодлого дутсаныг эрдэмтдээс эхлээд эгэл жирийн иргэн ч хэлж, ярьж байна.
Улаанбаатар хотод “Ковид-19” халдварын 10 гаруй голомт илэрсэн бөгөөд одоогоор гурав нь идэвхтэй байгааг Эрүүл мэндийн яамныхан хэлсэн. “Өнгөрсөн хоёр сарын хугацаанд гарсан голомтуудыг хяналтдаа авсан, цаашид таван үзүүлэлтийг тогтмол харгалзан эрсдэлийн үнэлгээ хийж, иргэдийг вакцинжуулна. Өнгөрсөн хугацаанд 1.2 сая гаруй хүнд шинжилгээ хийж, 1300 гаруй хүнийг эмнэлэгт хэвтүүлэн эмчилсэн. 500 гаруй сая төгрөгөөр нэг удаагийн хамгаалах хувцас, хэрэглэл авч, эмнэлгүүдийг хангасан. Үүний үр дүнд халдвар гарсан аймгууд “ногоон бүс” боллоо” хэмээн Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан мэдээлсэн билээ. Хүн амын тал хувь нь амьдардаг Улаанбаатар хот цар тахлын голомт болсон ч одоогоор 21 аймагт өвчин илрээгүй нь сайшаалтай. Гэхдээ энэ хүртэл хүний эрхийг ноцтой зөрчиж, гаргасан шийдвэрээ томчууд өөрсдөө биелүүлэхгүй хэрнээ иргэд рүүгээ буруугаа бухах явдал цөөнгүй гарав.
“Нээлттэй нийгэм форум” ТББ-аас гаргасан “Ковид-19” ба хүний эрх” цуврал судалгаанд дурдсанаар “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед эрүүл мэндийн тусламж авч чадаагүйн улмаас хүний амь эрсэдсэн тохиолдлууд гарсан нь ямар ч үед хөндөж үл болох амьд явах эрхийг зөрчсөн гэж үзэхээр байна. Иргэний болон улс төрийн эрхийн тухай хуулийн 6.1-т “Хүн бүр амьд явах салшгүй эрхтэй. Энэ эрхийг хуулиар хамгаална. Хэний ч амийг дур мэдэн бусниулж болохгүй” хэмээн заасан. Тиймээс халдвар хамгааллын зохицуулалт, зохион байгуулалтын алдааны улмаас хүний амь эрсэдсэн нь амьд явах эрхийг хуулиар хамгаалах үүргээ төр биелүүлээгүй гэж үзэж байна” хэмээжээ.
Мөн иргэдийг ялгаварлан гадуурхаж, тэгш бус хандах явдал цөөнгүй гарсан. Энэ талаар судлаач А.Түвшинтөгс “Чикагогийн их сургуулийн эрдэмтэн Том Гинсбург “Харьцуулсан үндсэн хууль ба “Ковид-19” судалгааны ажилдаа улс орнуудын коронавирусийн эсрэг тэмцэж буй арга хэлбэрийг хууль тогтоомжийн хүрээнд дүгнэсэн. Ингэхдээ гурван үндэслэлийг заасан ба нэгт, Үндсэн хуульд заасны дагуу онц байдал зарлах, хоёрт, нийгмийн эрүүл мэнд, эсвэл гамшгийн тухай хүчин төгөлдөр үндэсний хууль тогтоомжийг ашиглах, гуравт, онц байдал зарлах тухай шинэ хууль батлах гэсэн юм. Манай улсын хувьд “Ковид-19” цар тахалтай Гамшгийн тухай хууль болон Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай гэсэн хоёр гол хуулийн хүрээнд тэмцэж байна. Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг хэрэгжүүлэхдээ эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас гаргах шийдвэр, арга хэмжээ нь Үндсэн хуулиар хамгаалсан иргэний үндсэн эрх, эрх чөлөөг хязгаарлах үед баримтлах тодорхой нөхцөлүүдийг зөрчсөн. Тухайлбал, орон нутгийн иргэдийн зорчих эрхийг хязгаарлахдаа богино хугацаанд буцах боломж бүрдүүлээгүй, нийслэлд гацсан, орон байргүй, хоол ундгүй иргэдийн амьдралын наад захын хэрэгцээг хангах төлөвлөгөө гаргаж чадаагүй, оюутнуудын зорчих эрхийг хязгаарлахдаа хуульд заасан журмыг баримтлаагүй, эрүүл хоол хүнсээр хангагдах эрхийг хангаагүй, гэртээ буцах нөхцөлийг тодорхойлохдоо ялгаварлан гадуурхсан шийдвэр гаргасан, оюутнуудын хоол хүнсээ өөрөө цуглуулах, эм, эмнэлгийн тусламж авах нөхцөлийг хязгаарласан” гэв.
Үүгээр зогсохгүй гадаад улсад байгаа иргэдийн эх орондоо ирэх эрхийг зөрчив. Үндсэн хуульд зааснаар Монгол Улсын иргэн гадаад явах, оршин суух, эх орондоо буцаж ирэх эрхтэй. Гэтэл Засгийн газрын шийдвэрээр өнгөрсөн арваннэгдүгээр сард төлөвлөсөн 10 удаагийн тусгай үүргийн нислэгээс долоог нь цуцалсан билээ. Харийн газар орон байргүй, хоол хүнсний хомсдол, санхүүгийн хүнд байдалд орсон олон хүн ХЭҮК-т гомдол ирүүлсэн байдаг. Үүний дагуу тус комиссоос өнгөрсөн сарын 22-нд УОК-т шаардлага хүргүүлэв. Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуульд заасны дагуу шаардлагын хариуг долоо хоногт ирүүлэх ёстой гэнэ. Харамсалтай нь, УОК-оос шаардлагын хариуг бичгээр явуулаагүй аж. Коронавирусийн улмаас ялгаварлан гадуурхалгүйгээр тусгай үүргийн нислэгт хамруулах, нислэг цуцлагдсаны улмаас санхүүгийн нэмэлт эрсдэл хүлээсэн хүмүүсийн хохирлыг төрөөс нөхөн төлөх гэх мэт нэн чухал шаардлага тусгасан ч УОК биелүүлсэнгүй. БНСУ-аас хэдхэн хүнийг л авчирч, нислэг хийсэн нэр зүүснийг эс тооцвол (тус улсад Монголдоо ирэх хүсэлт өгсөн 4000 орчим иргэн бий) өөр дорвитой ажил хийсэнгүй. Энэ мэтээр цар тахлын үед авч хэрэгжүүлсэн ажил нь гал унтраах төдий байж, урт хугацааны шийдвэр гарган, иргэдийг хохироохгүй байхад анхаараагүйг шүүмжлэх хүн цөөнгүй.
Ялангуяа жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжсэн ганц ч арга хэмжээ авсангүй. Хэдийгээр айл өрх, аж ахуйн нэгжийн цахилгааны төлбөрийг төрөөс хариуцах болсон ч өдрийн орлогоороо амьдралаа залгуулдаг өчнөөн хүн хөсөр хаягдсан. Арга ядахдаа тэдний төлөөлөл уржигдар Төрийн ордны үүдэнд жагсаж, “Орлогын эх үүсвэргүй болсон айлуудын хөргөгчийг онгойлгож үз” хэмээн шаардав. Тэдний амьжиргааны түвшин хэрхэн буурч, хэцүү байдалд орсныг Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо, Хөгжлийн төлөөх судалгааны байгууллагатай хамтран гаргасан “Ковид-19” ба жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн үндэсний хэмжээний санал, асуулгын судалгааны тайлангаас харж болохоор байна. Судалгаанд 2000 жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийг оролцуулжээ. Тэдний 98.6 хувь нь цар тахал бизнест нь хүндээр нөлөөлж, олон сорилт, бэрхшээл үүсгэсэн гэжээ. Жижиг, дунд бизнес эрхлэгч хоёр хүн тутмын нэг нь хөл хорионы үед үйл ажиллагаагаа бүрэн зогсоосон байна. Тэдний 41.1 хувь нь халдвар хамгааллын дэглэм сахиж, үйл ажиллагаа явуулахыг зөв гэж үзэж буйгаа илэрхийлжээ. Цар тахлын улмаас энэ салбарын 9065 хүн ажлаасаа халагдаж, орлогогүй болсон гэнэ.
Эх уурхай нь тодорхойгүй халдварууд гарахын зэрэгцээ эдийн засгаа дампууруулж буй энэ мэт шийдвэрүүд иргэдийг туйлдуулж гүйцлээ. Ажилгүй, орлогогүй болсон хүмүүс хэрхэн амь зууж буйг хэлэхэд бэрх. Өлсөж, эсвэл өвдөж үхэх үү гэсэн сонголтын өмнө тулсан олон хүн бийг төр, засаг анхаарах цаг хэдийн болжээ. Цаашид “Ковид-19”-ийн тархалтын байдлаас хамаарч, арга хэмжээ авна гэдгээ Засгийн газраас мэдэгдсэн. Энэ нь нөхцөл байдал яаж ч эргэж болно гэсэн үг. Харамсалтай нь, эргэж буцсан, иргэдээ боддоггүй, алсын хараагүй, хэт удаашралтай, үр дүн “сул” шийдвэрүүдийг ахин дахин гаргасаар байвал иргэд залхаж мэдэх нь.