Дорноговь аймгийн Хатанбулаг сум дахь Сулинхээрийн отрядын дарга асан, хурандаа Б.Батболдод холбогдох хэрэгт дүгнэлт гаргасан шинжээчдэд хууль хяналтын байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэлээ. Дээрх хэрэгт дүгнэлт гаргасан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч, нэр бүхий дөрвөн хүнд эрүүгийн хэрэг үүсгэн Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа гэдгийг цагдаагийн байгууллагын эх сурвалж мэдээлсэн юм.
Удирдлагадаа ажиллаж байсан офицерийг зодож хөнөөсөн хурандаа Б.Батболдод холбогдох хэрэгт шинжээчид дүгнэлт гаргахдаа түүнийг илт гэм буруугүй мэт дурдаж, улмаар талийгаач Б-г гэдэсний сүрьеэ өвчнөөр нас барсан хэмээсэн юм. Тэдний энэ дүгнэлт эргэлзээтэй байсан тул прокурор хуульд зааснаар дахин нотлох баримт цуглуулж, өөр шинжээчдээр дүгнэлт гаргуулахад зодуулсны улмаас амиа алдсан нь батлагдсан билээ.
Тиймээс хэргийн холбогдогчид үйлчилж өвчнөөр нас барсан гэсэн хуурамч дүгнэлт гаргасан шинжээчдийг шалгуулахаар болсон аж. Тэднийг Эрүүгийн хуульд заасан зориуд худал дүгнэлт гаргасан гэсэн үндэслэлээр сэжигтэн, яллагдагчаар татаад байгаа юм байна.
Дээрх шинжээчдийн гэм буруутай нь шүүхээр тогтоогдвол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуун нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл 2-5 жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэх хуулийн заалттай. Дашрамд дурдахад, офицероо зодож хөнөөсөн хурандаа Б.Батболдод Хан-Уул дүүргийн шүүхээс 11 жил хорих ял оноосон бөгөөд тэрбээр уг ялыг эс зөвшөөрч Нийслэлийн шүүхэд давж заалдаад байна. Түүний гомдлыг тус шүүх өнөөдөр хэлэлцэнэ.
Г.ОРЧЛОН