Сонгинохайрхан дүүргийн нутагт, өнгөрсөн сарын 20-нд есөн хүний амийг хохироон галдан шатаасан ноцтой хэрэг гарсан. Уг хэргийг илрүүлэхийн тулд бригадын генерал А.Дулаанжаргалаар ахлуулсан Ажлын хэсэг 20 гаруй хоногийн турш эрэн сурвалжилсны дүнд өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр хэрэгтнийг тогтоолоо. Тус дүүргийн VI хорооны нутаг, “Ган хийц” компанийн урд талын 24 дүгээр гудамжны Задгайд суурьшсан уг айлд гэрийн эзэгтэй Б, түүний хоёр хүүхэд, хамтран амьдарч байсан Ш, тэднийд ирсэн, эзэгтэйн найз нар болох гурван хүн, тэдний нэгнийх нь охин Х, эзэгтэйн дүү Г нар амиа алдсан байсан талаар бид мэдээлсэн.
Цагдаагийн байгууллагын баттай эх сурвалжуудын мэдээлснээр найман хүний амийг хохироосон гэмт этгээд нас барагсдын дунд байгаа гэнэ. Уг хэргийг гэрийн эзэгтэйн хамтран амьдрагч Ж.Ш үйлдсэн нь шалгалтаар тогтоогджээ. Тэрбээр насанд хүрсэн дөрвөн хүний амь насыг нь эхэлж хохироосон байна. Тэрбээр олон хүний аминд хүрснээ гар утсаараа дотнынхоо хүмүүс рүү мэдээлж, Архангай аймагт амьдардаг ар гэрийнхэндээ мессеж бичиж мэдэгдсэн аж. Улмаар эргэж ороод бага насны дөрвөн хүүхдийг бүрэлгэж, эцэст нь амиа хорлосон гэдгийг цагдаа, шинжээчид илрүүллээ.
Ж.Ш нь 1980 онд Архангай аймагт төрсөн, өмнө нь хулгай, танхайн хэргээр ял шийтгүүлж байсан нэгэн. Тэрбээр мөн Баянзүрх дүүргийн нутагт хэдэн жилийн өмнө хүний амь хөнөөж, мөнгө дээрэмдсэн хэрэгт сэжиглэгдэж байсан юм байна.
Сонгинохайрхан дүүрэгт гарсан хүн амины ноцтой хэргийн шалгалтын явцын талаар Цагдаагийн ерөнхий газрын дарга, хошууч генерал Д.Сандаг-Очироос цөөн асуултад хариулт авлаа.
-Есөн хүний амийг хөнөөж, гэртэй нь шатаасан гэмт этгээдийг түргэхэн бариасай гэсэн хүлээлт иргэдийн дунд их байсан. Харин гэмт этгээдийг цагдаагийнхан тогтоосон гэдэг мэдээлэл сонслоо?
-2010 оны арваннэгдүгээр сарын 20-нд Сонгинохайрхан дүүргийн зургадугаар хорооны нутагт есөн хүний амийг хөнөөж, гэртэй нь шатаасан онц хүнд гэмт хэрэг гарсан. Хохирогчид 4-30 насныхан байсан. Хэргийн дуудлага арваннэгдүгээр сарын 20-ны 18.50 цагт цагдаагийн байгууллагад ирснээр 19.00 цагаас Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар Ажлын хэсэг томилж ажиллуулсан.
Гэмт этгээдийг илрүүлэхэд цагдаагийн байгууллагын зүгээс бололцоотой бүх арга хэмжээ авч, холбогдох байгууллагуудтай хамтран ажилласан. Мөрдөн байцаалтын явц, хэргийн газрын үзлэг болон бусад нотлох баримтаар гэмт этгээд уг хэргийг нэг удаагийн үйлдлээр үйлдээгүйг нь шалгаж тогтоогоод байна.
-Есөн хүний амийг хөнөөсөн этгээд ганцаараа биш. Магадгүй бүлэг этгээд байж мэднэ гэсэн хардлага хэвлэлээр цацагдаж байсан. Хэрэг үйлдсэн этгээд хаанахын харьяат, хэн гэгч байсан юм бол?
-Хэн ч тэгж таамаглах байсан. Гэхдээ ноцтой гэмт хэрэг ээдрээ төвөг ихтэй байх нь бий. Шалгаж тогтоосны эцэст санаанд оромгүй, эгзэгтэй тайллыг бий болгодог. Сонгинохайрхан дүүрэгт гарсан дээрх хэрэг ч энэ хувилбарт багтана. Энэ хэргийг мөрдөн шалгахдаа хэргийн газрын нөхөн үзлэгийг удаа дараа нарийвчлан хийж, гэмт хэрэгт холбогдуулан 360 гаруй иргэнээс байцаалт, мэдүүлэг авсан.
Хэрэг гарсан газрын ойр орчимд амьдардаг 600 гаруй иргэнтэй уулзаж, холбогдох мэдээ, мэдээллийг тодруулж, зарим нэг хүнийг сэжигтнээр татаж шалгасан байна. Мөрдөн байцаалтын ажил лагаанд шинжлэх ухаан техникийн арга технологийг ашиглаж ажилласан нь үр дүнгээ өглөө. Хэргийн газрын үзлэг, гэрч, хохирогчдын мэдүүлэг, холбогдох байгууллагуудын шинжээчдийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар Сонгинохайрхан дүүргийн харьяат, 30 настай Ш-ийг сэжигтнээр тогтоосон.
-Ажлын хэсэгт хэдэн байгууллагын хэчнээн хүн оролцсон бол. Амралтын өдөргүй ажиллаж байгаа гэж сонссон?
-Хэргийг шуурхай эрэн сурвалжлах, мөрдөн шалгах ажиллагаанд олон алба хаагч ажиллаж, үүргээ сайн гүйцэтгэсэн. УМБГ, Эрүүгийн цагдаагийн газрын ажилтнууд, Онцгой байдал, Шинжилгээний хүрээлэнгийн алба хаагчдаас гадна орон нутагт бас Ажлын хэсэг томилж ажиллуулсан. Нийслэлийн прокурорын ажилтнууд хуулиар хүлээсэн үүргийн дагуу хэрэг шалгах явцад цагдаагийн байгууллагатай хамтран идэвхтэй ажилласныг дурдах хэрэгтэй.
-Ингэхэд нийслэлд гарсан онц ноцтой гэмт хэргийг шалгахад орон нутагт Ажлын хэсэг томилж ажиллуулах шалтгаан нөхцөл нь юунд байдаг юм бол?
-Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалж, тодорхой чиглэлээр Ажлын хэсэг томилогдож ажиллах үе байдаг. Ямар ч хэрэгт шалгах, нягтлах зүйл их гардаг. Өчүүхэн зүйлийг ч анхаарахгүй орхиж болдоггүй. Ямар ч гэмт хэргийг илрүүлэхэд мэргэжлийн өндөр ур чадвар шаардагддаг. Манай ажилтнууд ноцтой гэмт хэргийг илрүүлэх мэргэжлийн ажилдаа гаршиж, туршлагажсан гэж хэлж болно. Гэмт хэрэг илрүүлнэ гэдэгт энэ хэрэгт томилогдсон орон нутгийн Ажлын хэсгийнхэн мөрдөн байцаах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудыг дахин шалгаж, бэхжүүлэх ажиллагааг хийсэн.
-Хохирогчдын талаар тааруухан мэдээлэл хэвлэлээр их цацагдсан. Мөн сэжигтэн Ш шүүхээр шийтгүүлж, ял эдэлж байсан гэж сонссон. Энэ үнэн үү?
-Сүүлийн үед ахуйн хүрээний архидалт нэмэгдэж байна. Энэ хэрэгт ч мөн ахуйн хүрээний архидалт нөлөөлснийг үгүйсгэх аргагүй. Хохирогчдын зарим нь халаасны хулгайн гэмт хэрэгт шалгагдаж байсан хүмүүстэй холбоотой байсан. Шинжээчийн дүгнэлтээр зарим хохирогч согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн нь тогтоогдсон.
Сэжигтэн Ш-ийн хувьд шүүхээс эрүүгийн хэргээр ял шийтгүүлж байсан. Ш гэртээ бүтэлгүй хүмүүсийг орогнуулдаг, архиддаг, гэр бүлийнхнээ дарамталдаг, айлгаж сүрдүүлдэг байсан нь хэрэг шалгах явцад тогтоогдсон. Хэрэгт холбогдох зарим зүйлийг нягтлахаар мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
Г.РАВЖАА