Хөл хорионд байгаа хүүхдүүдэд зориулж цахим уулзалт зохион байгуулна Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Үе тэнгийнхний дээрэлхэлтийг зогсоох, хүчирхийллээс ангид байх, хамгаалах, хариу үйлчилгээ үзүүлэх “банхар” арт терапи төслийн хүрээнд “Аав, ээждээ хандаж хэлэх бидний үгс” цахим уулзалтыг маргааш зохион байгуулах аж. Үүнийг Японы Хүүхдийн сан, Монголын урлагийн сэтгэл заслын холбоо хамтран явуулах бөгөөд өсвөр насны хүүхдүүд, эцэг, эхчүүд, мэргэжлийн нийгмийн ажилтнууд оролцох гэнэ.
Цар тахлын үед гэртээ байгаа хүүхдүүд ганцаардах, стресстэх, эцэг, эхтэйгээ харилцахдаа зөрчил гаргах болсныг дээрх байгууллагуудын судалгаагаар тодорхойлжээ. Тиймээс тэдний дуу хоолойг сонсох, эцэг, эхчүүдэд хүүхэд хүмүүжлийн зөв арга төлөвшүүлэх зорилгоор үүнийг зохион байгуулах нь.
Мөн дээрх холбооноос ерөнхий боловсролын 6-12 дугаар ангийн хүүхдүүдийн дунд “Тусч найзууд” зурган постер хийх уралдаан зарлажээ. Бүтээлийг энэ сарын 10-наас ирэх сарын 10 хүртэл chimkaa0703@gmail.com хаягаар хүлээн авах бөгөөд таблет, хувь хүний хөгжлийн сургалтад суух эрхийн бичгээр шагнах нь.