“Хүмүүн бичиг” сониноос уламжлал болгон зохион байгуулдаг “Монголын сайхан бичигтэн-2020” улсын 24 дэх уралдааныг энэ жил цар тахлын улмаас цахимаар явууллаа. Уралдааны оролцогчдоос 1-3 дугаар, мөн тусгай байрын эзнийг шалгаруулсан байна. Тухайлбал, сурагчдын ангилалд нийслэлийн 62 дугаар сургуулийн Б.Урангоо, Дархан-Уул аймгийн 16 дугаар сургуулийн Ч.Болоржин нар тэргүүлсэн бол Архангай аймгийн Хайрхан сумын сургуулийн Ч.Аминхүслэн, Баянхонгор аймгийн Баянцагаан сумын сургуулийн Ж.Түмэнхорлоо нар удаах байрт шалгарчээ. Тэгвэл уран бичлэгийн ангилалд гэрэл зурагчин Ш.Гэрэлсайхан тэргүүлсэн байна. Хөвсгөлийн Арбулаг сумын дунд сургуулийн дүрслэх, дизайн, технологийн багш Ишдорж болон тус аймгаас оролцогч залуу багш Энхсайхан нар удаалжээ.