Хөвсгөл аймгийн Ханх сумд өнөө өглөө 30 орчим удаагийн давтамжтай газар хөдлөлт болж, иргэдэд хүчтэй мэдрэгдсэн талаар Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан мэдээллээ.
Тэрбээр "Хөвсгөл аймагт 24 цагийн автомат ажиллагаатай газар хөдлөлтийг бүртгэдэг багаж бий. Газар хөдлөлтийн улмаас иргэний амь нас үрэгдсэн, байшин барилга нурсан асуудал үүсээгүй.
Газар хөдлөлт Ханх сумд хамгийн хүчтэй мэдрэгдсэн. Тус сумын Засаг даргын хэлж буйгаар 05.30 цагаас хойш нэг цагийн хугацаанд 30 орчим удаагийн давтамжтай чичирхийлэл мэдрэгдсэн. Үүний улмаас тус сумын байшингийн хана цуурсан. Мөн иргэд нь айж цочсон байдалтай байна.
Цаашид бид байгалийн гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр арга хэмжээ авах шаардлагатай цаг үе иржээ. Барилга байгууламжийг 6-8 баллд тэсвэртэй байхаар барих ёстой гэдэг нь өнөө өглөөний үйл явдлаас харагдаж байна" гэлээ.